Засгийн газарГадаад харилцааЭдийн засагОнцлох

Ерөнхий сайд ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Олон улсын валютын сангийн Ажлын хэсэг цар тахлын улмаас сүүлийн хоёр жил Монголд айлчлаагүй, өнөөдөр манай улсад айлчилж, биечлэн уулзаж байгаад, мөн цар тахлын амаргүй цаг үед ОУВС дэмжлэг үзүүлсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ.

Монгол Улс цар тахлыг амжилттай даван туулж, энгийн амьдралд шилжсэн, Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюу Толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, хилийн боомтуудын асуудалд онцгойлон анхаарч тохиролцоонд хүрч боомтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгааг ОУВС тодотгон тэмдэглэв.

Цар тахал болон ОХУ-Украины хямралт байдал нь Монгол Улс шиг хөгжиж буй орнуудад томоохон сорилт учруулж, инфляц, үнийн өсөлт, валютын хомстол зэрэг олон таагүй үр дагавар учруулж буй. Засгийн газрын зүгээс Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх тухай хуулийг санаачлан, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, энэ хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байна.

Монголбанкны валютын нөөцөө хамгаалах, хомсдолоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дэмжиж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын үеэр тэмдэглэв. Мөн  Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгааг дурдлаа. 

Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал гэж тэд үзэж байна.

Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа, мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчид илэрхийллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close