НийтлэлTravelОнцлох

COVID-19 нөхцөл байдлаас үүдэн аялагчид хөдөө, байгальд аялахыг чухалчлах болжээ

COVID-19 нөлөөгөөр бидний ажиллаж амьдрах, аялах хэв маяг, аялагчдад тавигдах шаардлага өөрчлөгдсөн. Цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал өмнөх үеүдтэй харьцуулахад огцом нэмэгдэж, аялагчид хүний хөл хөдөлгөөн бага, байгалийн сайханд амрахыг илүүд үзэх болсон.

Аялал жуулчлалын салбарт хязгаарлалт үргэлжилж байгаа ч 2022 онд вакцинжуулалтын явц эрчимжиж байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын аялал жуулчлал дотоодын аялал жуулчлалыг давах магадлал өндөр байгаа аж. Ялангуяа, энэ онд Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын аялал жуулчлал 148.3 хувиар өсөх төлөвтэй байна.

Захиалгын чиг хандлага, тренд

Олон улсын аялал жуулчлалын хязгаарлалт хүчинтэй байгаа нь дотоодын аялал жуулчлал нэмэгдэх нэг чухал хүчин зүйл болж байна. Дотоодын аялал жуулчлалын өсөлт нь БНХАУ-д илүүтэй нөлөөлсөн. 2021 оны Хятадын үндэсний баяраар жуулчдын 49.1 хувь нь мужуудаар аялсан ба дотоодын жуулчдын 88.3 хувь нь 300 км зай доторх аяллыг сонгожээ. 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар богино зайн аялал нь 81 хувиар өссөн гэсэн үг. Хонгконг, Сингапур, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд байр, зочид буудлын эрэлт нэмэгджээ.

Жишээлбэл, Trip.com сайтын мэдээллээс харахад 2021 оны эхний 2 улиралд Хонгконг дахь зочид буудлын захиалга нэг дахин нэмэгдсэн байна. 2019 оны мөн үетэй харьцуулахад дотоодын аялал жуулчлалын өсөлт 200 хувь болсон. Тухайлбал, Японы Засгийн газраас 2020 онд “Аялалд яв” кампанит ажлыг эхлүүлж, дотоодын аялалд 50 хүртэл хувийн хямдрал зарласан. Үүнтэй адилаар Өмнөд Солонгост дотоодын аялал жуулчлалд эрт захиалгын хөнгөлөлтийн купон болон амралтыг дэмжих төслийг Засгийн газрын зүгээс хэрэгжүүлжээ.

Европт вакцинжуулалт нэмэгдэж, хязгаарлалт багасахын хэрээр дотоодын аялал жуулчлал мөн адил нэмэгдсэн. Тухайлбал, Trip.com сайтаас үзвэл, улс орнуудад зочид буудлын захиалга өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн байна. 2020 оныг 2019 оныхтой харьцуулбал дотоодын зочид буудлын захиалга 200 гаруй хувиар өссөн тоон мэдээ гарчээ. Хилийн хязгаарлалт аажмаар сулрахад дотоодын аялал жуулчлалын өсөлт удаашрах магадлалтай юм.

Удаан хугацаагаар аялах чиг хандлага

Аялагчид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж нэг газраа удаан хугацаанд байрлах аяллыг сонгох болжээ. 2019 онд олон улсын аяллын дундаж хугацаа 9.22 хоног, дотоодын аяллын хугацаа 4.45 хоног байсан бол 2021 онд дэлхийн аялагчдын 52 гаруй хувь буюу 4 хүн тутмын нэг нь удаан хугацаагаар аялахыг илүүд үзэх болжээ.

Цар тахлын үеийн нөхцөл байдлаас үүдэн аялагчид зочид буудал, жуулчны бааз, амралтын газраас илүүтэй орон сууц, нийтийн байрыг удаан хугацаагаар түрээслэнгээ аялах нь түлхүү болсон. Энэ нь санхүү, эдийн засаг, эрүүл ахуйн хувьд хамгийн боломжит сонголт гэж үзэх болсон аж.

Богино хугацааны захиалга ба богино амралт

Хөл хорионы нөхцөл байдлаас үүдэлтэйгээр жуулчдын төлөвлөгөөт урьдчилсан захиалга багассан бөгөөд энэ нь аяллын компани, агаарын тээвэр, зочид буудлууд захиалга цуцлах нөхцөлд уян хатан бодлого баримтлах шаардлагатай болсон байна. 2020 онд хийсэн судалгаагаар аялагчдын 76 хувь нь буцаан олголтын тал дээр уян хатан хандаж цуцлалт хийж болох зочид буудал захиалах хүсэлтэй байв.

Онгоцны нислэгийн хувьд ч мөн адил нислэгийн хугацаагаа өөрчилж болохуйц нислэг сонгох болсон байна. Испанид аялагчдын 89 хувь, Их Британид аялагчдын 84 хувь, Францад аялагчдын 87 хувь нь зочид буудал, нислэгийн тийзээ цуцлах, дахин захиалах, буцаан олгох уян хатан үйлчилгээг хүсэх болжээ. Үүний үр дүнд үйлчилгээ үзүүлэгчдийн талаас 82 хувь нь цуцлах, буцаан олгох уян хатан нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Аялал жуулчлалын шинэ тренд

COVID-19 нөхцөл байдлаас үүдэн аялагчдын хамгийн ихээр аялахыг хүссэн газар нь хөдөө, орон нутаг, задгай байгаль юм. Орчин үеийн аялагчид адал явдалд илүүтэй татагдах болсон бөгөөд энэ нь нийт аялагчдын 40 хувийг дангаараа бүрдүүлж байна. Европын аялал жуулчлалын комиссын 2021 оны 9 дүгээр сарын судалгаагаар жуулчид Итали, Испани, Франц, Грек, Хорват зэрэг байгаль сайхантай болон далайн эргийн ойролцоо газраар аялахыг илүүд үзэж байгаагаа дурдсан байна.

Орчуулсан Н.Тэгшжаргал /Аялал жуулчлалын хөгжлийн төв/

Эх сурвалж: https://research.wttc.org/trending-in-travel

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close