ЯрилцлагаОнцлох

Ц.Батаа: Итгэлээс илүү хүч үгүй…

-Таны аав ээж, унасан газар, угаасан ус хаана вэ? Энэ асуултаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Би Увс аймгийн Завхан, Сагил сумын гаралтай. Миний аав Сосорбурамын Цэнцэн, ээж Жүгнээн Лувсансамбуу нар Чехийн геологичидтой хамтран “Эрдэнэтийн-Овоо”-г нээлцсэн үйлдвэрийн анхдагчид. Бид ах дүү тавуулаа. Эрдэнэт үйлдвэр хэмээх энэ их айлын хувь хишгээс хүртэж амьдрах ерөөл надад оногдсонд баярлаж явдаг даа. 

-Хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцана уу?

-Миний хүүхэд нас Хөвсгөлийн геологийн экспедицийн лаборатори, гарааш, радистын өрөөгөөр тэнүүчлэх,  баруун наймдугаар хороондоо “атаман” бандийн цэрэг болж чулуун байлдаанд оролцон тоглож өнгөрсөн.  Мөн нэгдүгээр 10 жилийн онц сурлагатан, дуулдаг, бөмбөг тоглодог, улаан галстук зүүж хэнхэглэсэн үлгэр жишээ сурагч, заримдаа ариун цэврээр базаахгүй үрчгэр форм, хиртэй захтай цамц, шороотой өмднөөсөө болж зад угаагчийн буланд хааяа заларчихдаг, зүрхний бичлэг шиг л саваагүй дүрсгүй бор хүү явлаа. Дэлгэрмөрөний хөвөөгөөр  загас жараахай эргүүлж, сэлж сурахаар саваагүйтэж яваад хоёр удаа живж үхэх дөхсөн. Хурдан ярьдаг, түргэн хөдөлгөөнтэй өрмийн  өт шиг л давжаа хүү байлаа. Багадаа “салхи хаашаа хамхуул тийшээ” гэгчээр, чи хэзээ нэг тогтож сууж сурах хүн бэ гэж ээждээ их зэмлүүлж өссөн. Өсвөр насандаа нийтэч, өглөгч, өрөвч зантай гэж бишгүй сонсож явсан. Гэрийнхэндээ, “найздаа өгчихсөн” гээд нэг л өдөр шалдан гүйж ирэх хүн дээ энэ нөхөр, гэж загнуулдаг байв. 

-Таны эзэмшсэн мэргэжил юу билээ?

-АУИС-ийг хүүхдийн эмч мэргэжлээр “отгон” төгсөгч болж, хүний эмчийн диплом өвөрлөсөн. Хожим Сэтгэцийн эмгэг, донтолт судлал, сэтгэл засалч эмчээр нарийн мэргэжил эзэмшсэн дээ. 

-Хэзээнээс Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон бэ?

-2004 онд, үйлдвэрийн ажилчдын архины хэрэглээ их байна, гэсэн үндэслэлээр Ё.Баярсайхан захирал шийдвэр гаргаж, С.Дандар эмч сургалтын аргазүйчийн орон тоо санаачлан батлуулж, шинэ ажлын байр гарган ажилд авсан. Тухайн үедээ сэтгэц, наркологийн эмч цөөхөн, арай залуу, эрэгтэй гэж сонгосон байх аа. Өнгөрсөн 17 жилд аргазүйч, сэтгэл засалч эмч, чанарын менежер, бүтээмжийн мэргэжилтэн, түргэний тасгийн эрхлэгч гэсэн таван мэргэжлээр ажилласан байна. 

-Таны ажлын онцлог юу вэ?

-Түргэн тусламжийн тасгийн эрхлэгч гэдэг их өвөрмөц ажил л даа. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээтэй холбоотой ажил үүрэг гүйцэтгэх үедээ эрүүл мэндийн хууль тогтоомжид захирагддаг. Бусад үед ХАБЭА-н эрсдэл аюулгүй байдлын асуудлуудтай шууд холбогддог. Ажилтнуудаа эрүүл мэндийн болон бусад эрсдэлүүдээс сэргийлэх нь хүнээс асар их хариуцлага шаардсан, зарчимд тулгуурласан ажил үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсын уул уурхайн салбарын жишиг үйлдвэрт мэргэжлээрээ ажиллана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. 

-Таны давуу талууд юу вэ?

-Нэгд сонсох. Хэн сайн сонсоно, тэр бага алдана. Хоёрт, хүлээн зөвшөөрөх. Хэн бодит байдал, хувь хүнийг хүлээн зөвшөөрч чадна түүнд амгалан амьдрах арга олдоно. Харилцаа бол амжилтын үндэс. Аливаа зөв харилцаа хүнийг хүссэн амжилтад хүргэдэг. 

-Та бусдад ямар шаардлага тавьдаг вэ?

-Зарчимч, үнэнч шударга байж, хариуцлагаа үүрч сур гэдэг. Уг нь энэ гурван зуршил их амархан. Гэвч хүмүүс хэрэгжүүлж чаддаггүй. Энэ гурван зарчмыг зан авирынхаа нэг хэсэг болгож чадаагүйгээс хүмүүс асуудалд орооцолдоод явдаг. Бас үгний утгыг буруу ойлгосноос их төөрөлддөг. Жишээ нь, зарчимч байна гэдэг хувийн ашиг сонирхлын зөрчлөө хойш тавих чадварыг хэлнэ. Үнэнч шударга байна гэдэг нь өөртэйгөө буюу сэтгэл доторх хүнтэйгээ зөрчилдөхгүй амьдрах, үйлийн үрд итгэж, явдал мөрөө цагдахыг хариуцлагаа хүлээх гэж би ойлгодог. 

-Та архины хамааралтай хүмүүст олон жил лекц уншлаа. Энэ талаар ярина уу?

-Маш олон хүнд архины зохист хэрэглээ, архины шалтгаант сэтгэц, зан төрхийн өвчний оношилгоо, эмчилгээ, гэр бүлийн давхар хамаарал, урьдчилан сэргийлэлт сэдвээр соён гэгээрүүлэх, мэдлэг олгох, хандлага тогтоох, чадвар эзэмшүүлэх сургалт явуулсан. Архины хамааралтай олон ч гэр бүлд эмчилгээ хийж амьдралынхаа 22 жилийг зориулж байна. Нийгэмд гаднаа хүчтэй, сайн бие хүн болж төлөвшин өөрийгөө олох нь хожмын өдөр бурхны шүүлт ирэхэд омог бардам, толгой цэх байх боломж гэж би итгэдэг. Мансууруулах бодисын хамааралтай хувь хүн, гэр бүлд туслах, гажуудсан төрх үйлийг илрүүлэн эмчлэх, нийгмийн дивиант байдлыг таниулж ажиллаж амьдрах бол миний хобби болж дээ. Хамаг цагаа зарцуулаад бүх хүчээ гарган, байгаа хөрөнгөө зориулаад явахдаа харамсаж байсан удаа үгүй. Хамгийн сүүлд, эмч нарын баяраа нэр төртэй тэмдэглэнэ гээд Булган аймгийн 16 сум, нэг тосгоноор амралтын өдрүүдээр сургалт явуулаад дуусаж байна. Нийтдээ 5289 км аялал хийж, 2358 хүнийг сургалтад хамрууллаа. Архины хамааралтай 490 гэр бүлд багаараа зөвлөгөө, тусламж үзүүлээд явж байна. 

-Таны амжилтын үндэс юу вэ? 

-Итгэл чухал. Итгэлээс илүү хүч үгүй, уучлахаас хүчтэй шийтгэл үгүй. Зүгээр л, хүнтэй зөв харилцахад хүрэх боломжгүй амжилт байдаггүй гэдэгт л итгэсэн. Бас хувь хүн болж өөрийгөө олох явдал маш чухал. Өөрийгөө олсон, бүгдийг хүлээн зөвшөөрсөн хүнд зовлон байдаггүй болохыг  ойлгосон. 

-Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун явна?

-Надад амьдралдаа харамсах шалтгаан байхгүй. Амьдрал заавартайгаа ирдэггүй болохоор алдаа бүхэн минь намайг чимдэг. Хэрэв харамсах зүйлээ ярь, гэвэл аав минь хүүгээ харсан  бол баярлах байсан даа гэж хэлнэ. Яагаад гэвэл би түүний хэзээ ч төсөөлөөгүй  маш их зүйлсийг хийж өнөөдрийн амьдралаа босгосон. 

-Таны цаашдын ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Баярлалаа. “Буян үйлддэг хүнийг бурхан үргэлж дагадаг” гэж, хүн бүр өөрийгөө хайрлаж бусдыг хүлээн зөвшөөрч өөртөө болон бусдад төвөг удахгүй амьдрах энх цагтай хурдан золгоосой билээ.

Эх сурвалж: Эрдэнэт

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close