Эрүүл мэнд

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог эмч, мэргэжилтнүүд сургалтанд оролцож байна

“Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа эмч нарыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх” сургалтад 170 орчим гишүүд, эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон хүний тоо 2021 оны эцэст 105.6 мянга байгаа нь 2020 онтой харьцуулахад 5.0 мянгаар буурсан үзүүлэлтэй байна. Энэ нь улсын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг холбогдох байгууллагатай хамтран эрчимтэй явуулсантай холбоотой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг Засгийн газрын 67 дугаар тогтоолоор шинэчлэн батлуулж, холбогдох журам, заавар, жагсаалтыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисстой хамтран шинэчилсэн.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын эрх зүйн баримт бичгийн шинэчлэлийн ажлын нэг нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758/А/197 дугаар хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа” юм.

Шинэчлэн баталсан өвчний жагсаалтыг 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс мөрдөхтэй холбоотой улсын хэмжээнд бүсчилсэн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс хамтран зохион байгуулсан.

Тус сургалтын үргэлжлэл болгон “Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа эмч нарыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Аймаг, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагуудын Эмнэлэг хяналтын комиссын гишүүн мэргэжлийн болон аймаг, дүүргийн сум, өрхийн эмч нарыг оролцуулсан нийт 170 орчим гишүүд, эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж үг хэлсэн ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Эрүүл мэндийн яамны Эмнэлэг тусламжийн үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дарга П.Мөнхтулга, ЭМЯ-ны дэргэдэх дотор, мэдрэл, сэтгэц, өвчний мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэшсэн эмч, багш нар оролцож хичээл зааж, мэдээлэл өгөв.

Энэхүү сургалт нь эмнэлэг хөдөлмөр, магадлалын талаар баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт тэр дундаа Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт өгч байгаагаараа ач холбогдолтой юм.

Уг сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

uploaded pictureuploaded pictureuploaded picture

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close