Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ивээл дор Монголын аялал жуулчлалын холбоо санаачлан Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй “Аялал жуулчлалын үндэсний чуулган” анх удаа Скай резортын “Хүн” театрт болж байна.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг тусгасан.
Аялал жуулчлалын шинэ сэргэлтийн бодлогод орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн хүч оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, салбарын яам болон Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхэд чуулганы зорилго оршиж байгаа аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйн 20, 30 жилийн бодлого төлөвлөлтийг тодорхойлж, цаашид орон нутаг дахь аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ” хэмээн онцолж байна.
Тус чуулганд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын удирдлага болон Аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож байгаа юм.