Нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 08:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад 7610 иргэн бүртгүүлснээс 3574 нь нийслэлийн иргэн байна. Нийслэлийн иргэд дөрөвдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд нийслэлийн засаг захиргааны тавдугаар байранд шалгалт өгөх юм.

Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад зориулан 8000 хувилбарт тест бэлдсэн бөгөөд энэ нь шалгуулагч бүр өөр сорил бөглөнө гэсэн үг. Одоогийн байдлаар төрийн албаны зөвлөлөөс гүйцэтгэх албан тушаалын 1900 гаруй, удирдах ажилтны 371 сул орон тоо зарлаад байгаа бөгөөд Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэд эдгээр ажлын байранд ажиллах боломжтойг тус зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцоллоо. 

Мөн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 50 гаруй хувь нь 30-аас доош насны иргэд гэнэ. Харин шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад 350 гаруй төрийн албан хаагч улсын хэмжээнд ажиллаж байна. 

Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд http://exam.csc.gov.mn/ цахим холбоосоор “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч, нууц үгээ солино.

Мөн баталгаажилтын хуудсаа хэвлэж, иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Шалгалтын товлосон цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close