Уул уурхайГадаад харилцааОнцлохОрон нутаг

Эрдэнэт үйлдвэр Киргиз улстай хамтран мод тарина

Бүгд Найрамдах Киргиз улсын зочид төлөөлөгчид /2022.03.30/ Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Зочдыг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Энхбат нар албаны бусад хүмүүсийн хамт хүлээн авч, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засаг, хөгжлийн бодлого хөтөлбөрүүдээс танилцууллаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэр ирэх жилүүдэд 10 сая мод тарина. Энэ ажилд тус улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцлов.

Киргиз улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Ерөнхий сайд нарын танхимын шийдвэрийг шалгах хэлтсийн орлогч дарга Убалиев Элдияр Маматжанович тэргүүтэй төлөөлөгчид энэ удаа Эрдэнэт үйлдвэрт дээрх асуудлаар харилцан ярилцах зорилготой ирсэн аж. Уулзалтын үеэр талууд энэ чиглэлээр холбогдох мэдээлэл, санал бодлоо солилцов.  

Киргиз улсын төлөөлөгчдийн ахлагч Убалиев Элдияр Маматжанович, “Эрдэнэт үйлдвэрт биднийг урьж, энэ аварга том үйлдвэртэй танилцах завшаан олгосонд баяртай байна. Монгол, Киргиз улсын Засгийн газар хоорондын 4-р хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төсөлд Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах болсондоо таатай байна.

Манай ажлын багийнхан Монгол орны цаг уур, хөрс зэрэг мод тарихтай холбоотой судалгааны ажлуудыг эхэлсэн. Судалгааны үр дүнгээс мод тарих ажлыг хэрхэн хийж, үргэлжлүүлэх вэ гэдгээ тодорхойлно. Бидний зүгээс мод тарих үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр, тусламж үзүүлэхэд бэлэн байгаа” гэж санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Уулзалтын дараа Киргиз улсын төлөөлөгчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахим музейгээр зочиллоо. Мөн үйлдвэрийн газрын Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагааг үзэж сонирхов.  

М.Балжинням
Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close