Уул уурхайFocus

О.Отгонбаяр: Ажил мэргэжлийн чадамжийн стандарт мөрдөнө

Эрдэнэт үйлдвэрийнхэн ажил мэргэжлийн чадамжийн стандарт боловсруулж дууслаа. Энэхүү стандартын агуулга, ач холбогдол, хэрэгжилт хийгээд энэ чиглэлээр цаашид хийх ажлын талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяраас тодрууллаа. 

-Ажил мэргэжлийн чадамжийн стандарт боловсруулах ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-Бид өнгөрсөн жилээс Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтарч, ажил мэргэжлийн чадамжийн стандарт боловсруулах ажлыг эхлүүлсэн. Эхлээд  нийтлэг 101 ажлын байран дээр уг  стандартыг  боловсруулж,  дакум аргачлалаар ажил мэргэжлийн  чадамжийг үнэлэх ажилтнуудыг сургалтаар бэлдсэн.   

-Стандартын гол агуулга нь юу вэ? Ямар хэрэгцээ шаардлагыг үндэслэн боловсруулав? 

-Энэ онд хэрэгжих Монгол Улсын Хөдөлмөрийн шинэ хуулинд хөдөлмөрийн харилцаанд ажил мэргэжлийн чадамжийн стандарт мөрдөх заалт орсон. Хуулийн 17-р зүйлд, “Ажил мэргэжлийн стандартаар хөдөлмөрийн нөхцөл, ажилтны ажлын дадлага, туршлага, мэдлэг, ур чадвар, чадамж, хандлага, мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тогтооно” гэж заасан. Тухайн ажлын байран дахь ажилтнуудын хөдөлмөрийг бодитой, шударгаар үнэлэх, цалин урамшуулал тогтоох, мэргэжлийн зэрэг ахиулах, сургалтын хэрэгцээг тодорхойлох, сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахад энэхүү стандартыг мөрдөх юм. Эдгээр хэрэгцээ шаардлагын дагуу Эрдэнэт үйлдвэр 1554 ажлын байран дээр чадамжийн стандарт боловсрууллаа. Энэ өргөн цар хүрээтэй ажлыг хүний нөөцийн мэргэжилтнүүд, хөдөлмөрийн эдийн засагч нар, инженер техникийн ажилтнуудынхаа хүчээр маш богино хугацаанд хийж дуусгалаа. Үүний үр дүнд 107 ажил мэргэжлийн стандарт дээр 600 гаруй мянган ажилбар гаргаж үнэлсэн бодлогын томоохон суурь баримт бичигтэй боллоо.

-Ажилтны ажлын гүйцэтгэлийг хэн үнэлэх вэ?

-Ажилтныг дарга биш үнэлгээчин үнэлнэ. Үүний тулд бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвийн багш нараар Мэргэжлийн үнэлгээчин бэлтгэх сургалт зохион байгууллаа. Энэ сургалтад хүний нөөцийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан 61 хүн хамрагдсан. Мэргэжлийн үнэлгээчид бэлтгэснээрээ ажил мэргэжлийн чадамжийн стандартыг ашиглан ажилтнуудыг үнэлэх боломж бүрдэх юм. Мэдээж, үнэлгээчдэд мэдлэг чадвараас гадна харилцаа хандлага, ёс зүйн хувьд өндөр шаардлага тавигдах нь ойлгомжтой. 

-Энэ чиглэлээр цаашид юу хийхээр төлөвлөж байна?

-Манайх хэдийгээр уул уурхайн үйлдвэр ч бүхий л салбарын ажил мэргэжлийн чадамжийн стандартыг бид гаргасан. Үүнээс нийтлэг болон эрэлттэй 50 ажлын байрыг сонгон, зөвлөх үйлчилгээ авч, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт хийлгэж, сайжруулна. Бид цаашид Улсын хэмжээний Үндэсний чадамжийн төв байгуулахаар зорьж байгаа. Энэ чиглэлээр Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтран ажиллаж байна. Бидний боловсруулсан чадамжийн стандартыг мэргэжлийн байгууллага баталгаажуулан, Төрийн төв байгууллага баталснаар Үндэсний стандарт болон хэрэгжүүлэх боломжтой юм. Ажил мэргэжлийн чадамжийн стандарттай болсноор хүний хөгжилд чухал нөлөөтэй. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн уурхайчны чадамж өссөнөөр тухайн байгууллагын, цаашлаад Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна. Улсаа хөгжүүлэхийн тулд хүнээ хөгжүүлэх зорилтын дор энэ ажил хийгдэж байна. 

-Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар энэ онд хийх томоохон ажлаасаа ярина уу?

-Хүний хөгжилд чиглэн боловсруулсан энэхүү бодлогын баримт бичгийг сайжруулах, баталгаажуулах ажил хийгдэнэ. Мөн, Хүний нөөцийн олон улсын 30400 багц стандарт хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Энэ ажил маань амжилттай яваа. Эхний хоёр улиралд багтаан бүтцийн нэгжүүд дээр хүний нөөцийн дотоод аудит хийж, зөрүүгийн шинжилгээг тодорхойлон баталгаажуулалтад бэлтгэх ажил хийж байна. Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа цогц хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, ахисан түвшинд хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

Я.ЭНХТУЯА
ФОТО: Б.БАТТӨГС

 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close