Нийслэлийн ИТХ-ын Засаглал, Эрх зүйн шинэтгэлийн хороо /2022.03.21/ хуралдлаа. Хуралдаанаар “Нийслэлийн судалгаа, шинжилгээний хүрээлэн” төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай, “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулах тухай, Дүрмийн нэмэлт өөрчлөлт батлах тухай асуудлыг хэлэлцэж, санал солилцов.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ нийтийн тээврийн үйлчилгээ, тойрог зам барих 2 төслийг хэрэгжүүлнэ. Уг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулахаар төлөвлөж буйг нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг танилцууллаа. Тус компани нь дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх, төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор байгуулах аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой Засаглал, Эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүд Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт ХХК-ийн эрх үүргийг тодорхой болгох, компанийн дүрэм боловсруулахад анхаарах саналыг гаргав. Улмаар дээрх асуудлуудыг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Мөн өнөөдрийн хуралдааны үеэр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын хэрэгжилтийн тайлан мэдээллийг сонсож, тэмдэглэлээр үүрэг өгөв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ