Өлгий сумын V-р сургуулийн засварын төслийг үзэглэлээ
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурж, Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан-тай онлайн уулзалт зохион байгууллаа.
Төслийн нэр : “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын төсөл”
Уг төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн барилгын иж бүрэн засварын ажил хийгдэх юм. Тус сургуулийн барилга нь удаан хугацааны ашиглалтын улмаас хуучирч муудаж, цахилгааны масс үүсэхийн сацуу гаднах хүйтэн агаар, борооны ус нэвтэрч 2365 сурагч болон 161 багш ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйд ихээхэн хэмжээний хүндрэл учруулж байсан. Энэ удаагийн засвар хийгдсэнээр тус сургуулийн сурагчид аюулгүй, илүү тохилог орчинд сурч хүмүүжих боломжтой болно хэмээн найдаж байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 577 дахь төсөл болж, Баян-Өлгий аймагт хэрэгжих 22 дахь төсөл болж байгаа. Энэ удаа батлагдсан төслийн санхүүжилт олгогдох төсвийн дээд хязгаар нь 397,824,378 төгрөг юм.
(*1) Япон Улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон хөдөө орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд гадаад улсад суугаа Япон Улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Эх сурвалж: Японы ЭСЯ