З.Мэндсайхан: Малчдад зориулан 3 хувийн хүүтэй зээлийг олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Атрын дөрөвдүгээр аянг эхлүүлэхээр боллоо. Холбогдох татаас, тарифын хөнгөлөлтийн зохицуулалтыг шинээр баталж байна. Тухайлбал, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Ингэхдээ импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор стандартын шаардлага хангасан ил талбайн таримлуудын нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн татаасыг тариаланчдад өгөхөөр шийдвэрлэлээ.
Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд өмнө нь эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд 22:00-06:00 цагийн хооронд үзүүлдэг байв. Тэгвэл энэ хугацааг аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-н болгон сунгаж, хөнгөлөлт үзүүлэх цагийг 18:00-06:00 цаг болголоо. Энэ шийдвэр нь хүлэмжийн таримал эрхлэгчдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд нь дэмжлэг болох юм.
Мөн 2022 оны хаврын тариалалтад зориулж улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, таримал, хүлэмжийн таримлын үнийг 80 хувь хөнгөлж тариалан эрхлэгчдэдээ дэмжлэг болохоор Засгийн газрын тогтоол батлагдсан. Энэ жилийн хаврын тариалалтад зориулж ХХАА-н Дэмжих сангаас нийт 13.8 тэрбум төгрөгийг гаргана.
Хаврын тариалалт, намрын ургац хураалтад нийт 22.5 мянган тонн шатахуун шаардлагатай. Тэгвэл хаврын тариалалтад зориулж нийт 6.5 тэрбум төгрөгийн шатахууныг хөнгөлөлт болгож гаргана. Үүнийг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр тариаланчдад олгоно.Мөн бордоог 30 хувийн хөнгөлөлттэй үнээр тариаланчдад нийлүүлнэ. Үлдсэн төлбөрийг намрын ургац хураалтаар авах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.
Малчдад зориулан 3 хувийн хүүтэй зээлийг олгоно. Хаврын газар тариалангийн эргэлтийн хөрөнгөд зориулж 100 тэрбум төгрөг, хүнсний ногоочдод мөн тодорхой хэмжээний зээл олгоно.
Ноолуурын үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлдэхэд нь зориулж мөн 150 тэрбум төгрөгийн зээл олгоно. Эдгээр зээлийн хүүгийн зөрүү болох 7.5 хувийг Засгийн газар төлнө” гэлээ.