Төрийн байгууллагуудын 80% нь шилэн дансанд цахим хуудсаа холбожээ
14 яам, 21 аймаг, есөн дүүргийн ЗДТГ, 10 тохируулагч, 26 хэрэгжүүлэгч агентлаг, парламентын харьяа байгууллагын цахим нээлттэй байдлыг IRIM судалгааны хүрээлэн судалжээ. Зургаан төрлийн 88 төрийн байгууллагын ил тод байдлын 2021 оны индекс улсын хэмжээнд 0.602 гарсан нь тухайн байгууллагуудын цахим ил тод байдал сул түвшинд байгааг харуулж буй.
Үнэлгээнд хамрагдсан дээрх байгууллагаас 25 байгууллага л ил тод байдал нь хангалттай түвшинд байжээ. Энэ жилийн хувьд “сайн” түвшинд үнэлэгдсэн байгууллага байгаагүй аж. Нийт байгууллагын талаас дээш хувь нь болох 54 байгууллага “сул” түвшинд үнэлэгдсэн байна.
Үлдсэн байгууллагуудын ес нь “хангалтгүй” түвшинд үнэлэгдсэн бөгөөд муу түвшинд үнэлэгдсэн байгууллага байгаагүй аж.Хэдийгээр муу түвшинд үнэлэгдсэн байгууллага байхгүй хэдий ч нийт байгууллагын талаас илүү хувьд нь сул түвшинд үнэлэгдсэн, сайн түвшинд үнэлэгдсэн байгууллага байхгүй нь цаашид төрийн байгууллагуудын цахим ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулжээ.
“Шилэн данс”, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-д байгууллагуудын 80% нь цахим хуудсаа холбосон байна. Үүнтэй холбоотойгоор төсөв, санхүүгийн ил тод байдал 2019 оноос хамгийн их өсөлттэй үзүүлэлт болж хангалтай түвшинд үнэлэгджээ.
Төрийн байгууллагын цахим хуудаснууд ямар ч веб хөтөч болон хэрэгслийн хувьд нийцэн ажилладаг, хурд нь боломжийн түвшинд байгаа нь технологийн нийцтэй байдлын үзүүлэлт сайн гарахад нөлөөлсөн байна.