WorldОнцлох

Украин дахь дайн: Сэтгүүлчид цаг ямагт амь насаараа дэнчин тавьж байна

Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Орос улс Украин руу довтолж эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэд хэдэн баг бууны суманд өртөж, дөрвөн сурвалжлагч шархаджээ. Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) Орос болон Украины эрх баригчдад хандан, үйл явдлын талбар дээрх сэтгүүлчдийн аюулгүй байдлыг баталгаажуулах талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байгаагаа дахин илэрхийлэхийн зэрэгцээ сэтгүүлчдийг дээд зэргээр сэрэмжтэй байхыг сануулж байна. 

Швейцарийн гэрэл зурагчин Гийом Брикет 3 дугаар сарын 6-нд өмнөд хэсгийн Миколаев хот руу чиглэн, Украины шалган нэвтрүүлэх боомтыг өнгөрөөд удаагүй байв. Энэ үеэр түүнийг Оросын халдлагыг сурвалжилж байхад нь Оросын тусгай командын гишүүд байх магадлалтай хүмүүс түүн рүү гал нээсэн ба бууны сум толгойн тус газрыг онох шахжээ. Түүний машин, сум нэвтэрдэггүй хантааз дээр “хэвлэл мэдээлэл” гэсэн тэмдэглэгээ байсан боловч дайныг мэдээлж, сурвалжлах туршлага бүхий сурвалжлагчийг цэргүүд дарамталж, 3000 евро болон тоног төхөөрөмжийг нь булаан авсан байна.

RSF-ийн Зүүн Европ, Төв Азийн албаны дарга Жан Кавелие “Үйл явдлын талбар дээрх сурвалжлагчид тэднийг хамгаалсан аливаа дүрэм журмыг үл харгалзан дайтагч талуудын бай болж байна гэдгийг энэ үйл явдал тодорхой харууллаа. Тэд бол байлдааны үйл явцын талаар дэлхий нийтэд мэдээлж буй энгийн иргэд бөгөөд аюулгүй нөхцөлд ажиллах ёстой. Тиймээс бид дайтаж буй бүх оролцогч талуудад олон улсын хуулийн дагуу талбар дээрх сэтгүүлчдийг хамгаалах үүрэг амлалтаа нэн даруй биелүүлэхийг уриалж байна. Мөн Оросын тусгайгийнхан олон тооны халдлага үйлдэж буй тул сэтгүүлчдийг дээд зэргээр болгоомжтой байхыг зөвлөж байна” гэв.

Оросын их бууны гал дор 

Машины салхины шилний хагархайд оногдож, нүүр, гарандаа шархадсан Брикет “Тэд 50 хүрэхгүй метрийн зайд байсан. Тэд намайг алах гэж буудсан нь тодорхой. Хэрвээ би тэр дороо тонгойгоогүй бол оногдох байлаа. Дайны бусад бүсэд байхад бууны галд өртөж л байсан, гэхдээ ийм юм огт үзээгүй. Бусад улсад ажиллаж буй дайны талаар туршлагагүй сэтгүүлчдэд үхлийн аюул тулгарч байна” гэж RSF-д ярив. 

Гуравдугаар сарын 6-нд Лондонд төвтэй Арабын Al-Araby ТV сувгийн сурвалжлагч Аднан Кан, зураглаач Хабип Демирчи нар Киев хотын захын Ирпин хотод Оросын их бууны галд өртжээ. Цагаан өнгийн туг хатгаж, “хэвлэл мэдээлэл” гэсэн тэмдэглэгээ хадсан машиныг нь чиглүүлэн буудсан аж. Мөргөлдөөн болж буй хотод гацсан хоёр сэтгүүлч оршин суугчдын хамт нуугдахаас аргагүй байдалд оржээ. Халдлага эхэлсэн дөрөв дэх хоног буюу хоёрдугаар сарын 28-нд дөрвөн британи, нэг украин сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй Их Британийн Sky News TV сувгийн баг Киевийн захад орших Буча хот руу явж байгаад Оросын тагнуулынхны буудлагад өртөв. 

Багийн ахлагч, сурвалжлагч Стюарт Рамсай нурууны доод хэсэгтээ шархадсан бол зураглаач Ричи Моклерийн хамгаалалтын хантаазыг бууны сум хоёр удаа оносон аж. Хэвлэл мэдээллийн тэмдэг бүхий хантааз өмссөн тэд “сэтгүүлчид байна” гэж орилсон хэдий ч буудахаа зогсоохгүй байгааг харсан тул машинаа орхиж, зугатахаас аргагүйд хүрсэн байна. 

Үхэлтэй тулгарсан нь 

Гуравдугаар сарын 3-нд Киевийн захын Макарив хэмээх өөр нэг хотод Войтех Бохак, Майда Сламова нарын “Voxpot”-ын Чехийн хоёр сэтгүүлч, Украины Төв телевизийн хоёр сэтгүүлчийн хамт машинаар явж байхад нь дээрхтэй төстэй хэрэг гарчээ. Гэвч тэд азаар ямар нэг хохирол амсаагүй байна. Машиндаа сууж байсан тэд Оросын цэргүүдийн АК-47 автомат бууны суманд өртсөн ч бэртэл гэмтэл аваагүй гэж “Voxpot” мэдээлэв

Данийн сэтгүүлч Стефан Вайкерт “Мөрний энэ шарх амин тус газраас хэдхэн сантиметрын зайтай байна” гэж RSF-д ярьжээ. Түүнийг тухайн халдлагын үеэр дөрвөн удаа буудуулж, шархадсан хамтран зүтгэгч Эмил Филтенборг Миккелсений хамт нүүлгэн шилжүүлсэн ба өдгөө Дани дахь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Данийн “Ekstra-Bladet” сонины хоёр сурвалжлагч хоёрдугаар сарын 26-нд зүүн хойд хэсгийн Охтырка хотод мөн шархаджээ. “Хэн гэдэг нь мэдэгдэхгүй буутай этгээд манай машинаас 15 метрийн зайтай байсан. Машин дээр тод харагдах “хэвлэл мэдээлэл” гэсэн тэмдэглэгээг тэр хүн хараагүй байх боломжгүй” гэж Вайхерт хэлэв.

Телевизийн дөрвөн цамхагийг бөмбөгдөв 

Оросын зэвсэгт хүчнийхэн сэтгүүлчид рүү шууд буудахын зэрэгцээ Украины телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг хаах зорилгоор харилцаа холбооны антенууд руу цохилт өгсөн байна. Оросууд Киев, Коростен, Лисичанск, Харьков дахь дөрвөн радио, телевизийн цамхагыг онилон довтолсон нь дор хаяж телевизийн 32 суваг, хэдэн арван үндэсний радиогийн нэвтрүүлгийг шууд таслан зогсоход хүргэсэн. Халдлага үйлдэх үед орон нутгийн Kyiv Live TV сувгийн зураглаач Евгений Сакун Киевийн цамхаг дээр байсан бөгөөд тодорхойгүй нөхцөл байдлын улмаас амь эрсэдсэн. Энэ хэргийг RSF эрэн сурвалжилж байна. 

RSF-ийн 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Украин улс 180 орноос 97-д жагссан бол Орос улс 150-д жагсчээ.

Эх сурвалж: rsf.org/en/news

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close