Цэвэрлэгээ үйлчилгээний стандарт нэвтрүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Аж ахуй үйлчилгээний цехийн хамт олон өнгөрсөн онд долоон зорилт дэвшүүлэн ажиллав. Уг зорилтын хүрээнд тохижилт болон цэвэрлэгээ үйлчилгээний стандарт хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт худалдан авалттай холбоотой ажлыг эрчимжүүлэх, ажлын байрны аюулгүй таатай цэвэр, эрүүл орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажилласан байна.
Ирэх онд Уул уурхайн салбарын 100 жилийн ойг угтан тус цех найман ажил хийхээр төлөвлөж, Монгол улсын хэмжээнд Эрдэнэт үйлдвэрт анх удаа цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Өнгөрсөн онд үйлдвэрийн 15 бүтцийн нэгжид цэвэрлэгээ үйлчилгээний стандарт хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажилласан байна.
2022 онд үндсэн цехүүдэд цэвэрлэгээ үйлчилгээнийхээ стандартыг хэрэгжүүлэх юм. Энэ талаар тус цехийн дарга Б.Туяа: “Цэвэрлэгээ үйлчилгээний үндсэн шаардлага, ажлын дэс дараалал, ажлын технологийн ажиллагааны талаар манай мастер, ажилчид сургагч багшаар бэлтгэгдэж байгаа. Эрдэнэт цогцолбор сургууль дээр сургалтын бааз байгуулан энэ үйл ажиллагааг эхлүүлсэн. Мөн бүтээн байгуулалтын хүрээнд тохижилтын ажлууд хийнэ.
Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарьж ургуулах зорилтын хүрээнд Ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байрын гадна орчин, гуравдугаар байрыг тохижуулна. Эдгээр байруудын орчин тойронд мод бут тарих, цэцэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг 100 гаруй ажил хийхээр төлөвлөсөн. Манай хамт олон үндсэн ажлаасаа гадна ногоон байгууламжаа сэргээж ажилладаг.
2021 онд гэрэлт гудамжны ажлын тендер зарлаад оролцох компани шалгараагүй. Оны сүүлчээр дахин тендер зарлаж “Чандман хонгор” компани шалгарсан. Энэ компани хоёрдугаар сарын 1-нээс гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн. Үйлдвэрийн ерөнхий захиргааны хоёрдугаар байрны Уурхайчин цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлт гудамжны ажлыг 70 хоногийн хугацаанд хийж 4-р сарын11-нд ашиглалтад хүлээн авна” гэв.
Т.БАТЧУЛУУН