ЯрилцлагаОнцлох

Д.Цэендаш: “Хотулун гүнж” кино Монголд анхны Action зураглаачтай ажилласан кино болох байх

Саяхан 72 дахь Berlinale кино фестивалийн кино худалдаанд амжилттай оролцож олон улсад гарах гараагаа амжилттай хийсэн “Хотулун гүнж” УСК-ны тулааны найруулагч, кино ертөнцөд Аска гэж нэрлэгддэг, СТА Д.Цэендаштай ярилцлаа.

-Хотулун гүнж таны хэддэх кино вэ? Тулааны найруулагчаар хэдэн жил ажиллав.

Анх 1991 онд Богд хааны музейд У-шугийн зэвсэгтэй үзүүлбэр хийж рекламанд тоглож эхэлсэн. Тэр үеэс хойш багагүй тооны уран сайхны кино, клип, рекламнуудад тоглож, бас тулааны найруулагчаар ажиллачихсан байна. Киноны тулааны найруулагчаар ажиллаад 18 жил болжээ. “Хотулун гүнж” кино миний ажилласан 19 дахь уран сайхны кино болж байна.

Та бас орлон тоглогчдын багын ахлагч. “Хотулун гүнж” кинонд ч бас орлон тоглогчоор ажилласан гэсэн. Хэний орлон тоглогчоор ажилласан бэ?

“Хотулун гүнж” кинонд гүнж Хотулун, эсрэг дүр шидтэн Зульфа хоёрын орлон тоглогчоор ажиллалаа. Гол дүрээ сургуулилт хийлгэж бэлтгэх явцад кино зураг авалт үргэлжилсээр байдаг. Тулаантай кинонд эрсдэлтэй зураг авалт бүрд орлон тоглогч орж ажиллаж байдаг. Жишээ нь: хадны уруу морьтой явах, уналга эдэлгээнд ороогүй ардаг догшин морь унах, цастай мөстэй газарт уруу морьтой давхих, буух, цоройх зэрэг энгийн эрсдэлтэй үеүдэд орлон тоглогч бас ажиллана.

Сонирхуулж хэлэхэд Хотулун, Зульфа хоёрын тулаан нэг дор болж байгаа ч, тэр зураг авалтад би хоёуланг нь орлосон. Бүсгүйчүүд маань хоёулаа маш гоолиг биетэй, жин багатай учраас би 73 кг-аас 59 кг хүргэж жингээ хасах хэрэгтэй болсон доо. Эмэгтэй жүжигчдийн хувцсыг нь багтаах гэж жинд нь дөхүүлж л байгаа юм.

Орлон тоглогчийн баг ахлах гэдэг багийн гишүүдээ сайн таньж хэн юу хийж чадах вэ гэдгийг бодолцож тулаанаа найруулна гэсэн үг. Гол нь багийн гишүүд маань зориг хийморьтойгоор зурганд орох ёстой. Өчүүхэн төдий л эргэлзээ байвал тухайн орлон тоглолтыг чадах нэгнээр нь сольдог. Тэглээ гээд тухайн тохиолдолд ажиллаж чадаагүй орлон тоглогч жүжигчинээ хэн маань ч буруутгадаггүй. Сэтгэл зүй нь биеэ мэдэрч орчинтойгоо холбогдож гэмээ нь орлон тоглолтоо эрсдэлгүй гүйцэтгэж чаддаг онцлогтой.

-Орлон тоглогч их эрсдэлтэй ажил шиг санагддаг. Таныг кино урлагийн юу нь тэгж их эрсдэлтэй ажилд татдаг юм бэ?

Бүүр бага байхаасаа хүүхдүүдийн биеэрээ хийж чадахгүй байгаа үйлдлүүдийг хийж чадаад байгаадаа өөртөө их урамшдаг байсан. Энэ байдал маань даамжраад тамирчин байхдаа хэдэн удаа хүнд гэмтсэн. Тэгээд тамирчинаа болиод гэмтлээ эдгээж орлон тоглолтоо үргэлжлүүлсээр өдийг хүрсэн байна.

Минийхээр бол циркчин хүн ямар нарийн мэдрэмжээр тоглолтоо үзүүлдэг билээ, орлон тоглогч яг адилхан тийм чадвартайгаар зураг авалтад ордог. Сэтгэл хөдлөл, өөртөө гаргах зориг мэдрэмжээ тултал хурцална гэсэн үг. Надад өөрөө өөртэйгөө өөрийнхөө ур чадвартай өрсөлддөг болохоороо их таалагддаг ажил байх.

-Таны мөрөөдлийн кино ямар кино вэ?

Хүн төрөлхтөний нүдийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөсөн олон гайхамшигтай кинонууд байдаг. Тийм түвшинд л кино хийх юмсан гэж боддог. Гадныхантай хамтрахад бол болж байгаа юм. Бидний оролцоо тун бага байдаг. Манай кинонууд тийм түвшинд хийгдэж чадвал. Тэр нь миний оролцсон кино байвал гэж …

Өөрийнхөө дотор байгаа action киног хийвэл нэг иймэрхүү байна даа гээд бичсэн зохиол санаанууд байдаг.

Хүүхдүүд чинь бас кино урлагт татагдаж эхэлсэн юм байна. Хотулун гүнж кинонд таны охин Voice Mongolia шоуны үндэсний ялагч Энгүүн тоглосон юм байна лээ. Гэтэл Энгүүний 2 дүү бас тоглосон юм байна?

“Хотулун гүнж” кино 5 жилийн өмнөөс хийгдэж ирсэн кино төсөл. Цаг нь ирэхээрээ л аливаа зүйл болдог гэж боддог. Охин маань Марал хатны дүрд богинохон ч гэсэн хурц тулаантай хэсэгт тоглосон. Том хүү Тэнгис орлон тоглогчоор ажилласан. Биеийн ур чадвар, хөгжил, олны дунд биеээ авч явах тал дээр суралцаж өөрийгөө олж авч байна аа гэсэн үг.

Бага хүү Тэнгэр угаасаа кино урлаг, уран зураг эвлүүлгийн ажилд үнэхээр хоббитой. Чину баатрын бага насанд тоглолоо. Энгүүн, Тэнгэр 2 маань найруулагч , продюссеруудад шалгуулаад тэнцээд тоглосон л доо. Миний ажлыг шүүмжлэгч 3 маань энэ төсөлд хамтран оролцсонд баяртай байдаг.

Одоо ямар кино төсөлд ажиллаж байна вэ?

Яригдаж байгаа кино төслүүд байгаа.

“Хотулун гүнж” кино гадаад зах зээлд гарч байгаа юм байна. Таны сэтгэгдэл?

Шүүдэр пропакшны бүтээл “Ану хатан” уран сайхны кино Warrior Primcess нэрээр Liom s Gate компани зэрэг гадаадын олон орны зах зээлд зарагдсан бүтээл байсан. “Хотулун гүнж” уран сайхны кино маань гадаадын зах зээлд мөн адил борлогдож эхэлсэн нь үнэхээр сайхан үйл явдал юм. Гадаадын зах зээл гэдэг шаардлага хангаагүй, сонирхолыг нь татаагүй уран бүтээлийг авахгүй. Гэтэл тэр шалгуурт нь тэнцээд борлогдож эхэлнэ гэдэг бидний хийсэн уран бүтээлийг бодитоор үнэлж байгаа хэрэг.

Таны охин Энгүүнийг залуус сайн мэддэг. Та кино багийн арын албаны хүн. Тийм учраас зарим үед Энгүүний аав гэж хэлэгдэхэд ямар санагддаг вэ?

Миний хувьд тулааны найруулагч гэдэг арын албаны биш харин тэргүүн шугаманд явдаг, киноны сайн муу байхтай шууд хамааралтай ажил гэж боддог. Харин, орлон тоглогч байна гэдэг бол арын албаны ажил. Кино баг гэлтгүй охиныг маань мэдэх хүмүүсийн хувьд ихэнх нь намайг хараад таньдаг юм билээ. Охиныхоо нэрийг хүндэлж олны дунд зөв явах юмсан гэж л боддог доо. Хааяа нэг, Энгүүний аав гэхэд охиноороо бахархдаг. Сайхан л байдаг.

Хүүхдүүдээ кино урлагийг сонгоно гэвэл дэмжих үү? Хориг тавих уу?

Хүүхдүүд маань юу хийхийг хүснэ тэр л зүйлээ хийх нь чухал. Хүссэн зүйл нь өөрт хоргүй хүнд гайгүй байвал болох нь тэр. Би ер нь хүслийг нь хориод байдаггүй.

-Киноны тулааныг найруулах, орлон тоглогчийн багаа удирдах, өөрөө орлон тоглогч хийх аль нь хамгийн амттай санагддаг вэ? Таны мэргэжлийн сайхан нь юу гэж боддогддог вэ?

Тулааныг найруулагч тухайн киноны дүр төрхөд нийцсэн тулааны зохиомж, жүжигчдээ чадваржуулах хичээл, цаашлаад зураг авалтын өнцөг, камерын хурд, жүжигчдийн ур чадварт үндэслэн орлон тоглогчоо хаана нь оруулах вэ? яаж царайг нь нууж үзэгчдэд мэдэгдүүлэхгүй зураг авалт хийх вэ? энд хэдэн эрсдэлтэй үзүүлбэр байх вэ, ямар ан амьтан, зэр зэвсэг яаж хэрэглэх вэ?

Ямар хувцас хэрэглэл, тоноглол хэрэглэгдэхээр байна. Өмнө хийсэн киноноосоо юугаараа өөр, юугаараа давуу байх вэ? Гэдгийг тооцох их ажил байдаг. Мөн зураг авалт дууссаны дараа тулааныхаа хэсгийн эвлүүлэг дээр заавал өөрөө сууж байж л санаандаа нийцсэн дүрслэлд дөхүүлж гаргадаг оюунлаг ухаан шаардсан ажил байдаг. Орлон тоглогч байна гэдэг нас залуу байна гэсэн үг. Тулаан найруулна гэдэг идэр насандаа ирлээ гэсэн үг.

Тулаан найруулаад орлон тоглолт хийнэ гэдэг нь туршлага багагүй хуримтлуулсан гэсэн үг юм уу даа. Үзэгч миний оролцсон киног үзээд сэтгэл нь хөдөлж, зарим кинонд маань тулааны хэсгийг үзээд киноныхоо дундуур алга нижигнэтэл ташиж баяр хүргэж байх тийм гайхамшигтай үеүүдтэй хүртэл таарч байлаа.

Хамгийн хүнд трюк хийж дуусгах, Тулааны зураг авалт дуусах, эсвэл кино зураг дуусах, нээлтээ хийх аль нь таньд хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг вэ?

Хүнд трюк хийхийн өмнө хэдэн өдрөөр дотроо бодож биеэ бэлддэг. Харин тухайн трюкийг хийсний дараа баяр хүргэхэд сэтгэл ихэд хөдөлнө, бас гэмтэлгүй чанартай сайн хийсэндээ дотороо баясна. Муухан гүйцэтгэвэл ахиж заавал хийдэг.

Киногоо ахиж үзэхэд тэр үедээ ахиад орчихсон юм шиг л бие мэдэрдэг. Тулааны зураг авалт дууссан ч эвлүүлэг дуусч байж л ажил дуусан гэж тооцно. Нээлт хийх үед найруулсан хэсгийг минь яаж хүлээж авч байна гэдэгт л их анхаарчихдаг. Уран бүтээл маань сайн болсон санагдахад сайхан байдаг.

-Хотулун гүнж бүрэн тулаант кино болж чадсан уу?

“Хотулун гүнж” киноныхоо тулааныг жүжигчдийнхээ ур чадварыг харуулахыг зорьсон. Хотулун гүнжид тоглосон Цэрэндолгор маань хатуужил сахилга бат маш сайн хөдөлмөрч бүсгүй. Энэ төслөөс маш их туршлага хуримтлуулж их зүйл сурсан байх гэж бодож байна. Ковид-19 кино хийх явцад ихээхэн саад учруулж байсан.

Олны хэсэг, их бага тулааны хэсгүүдэд санаснаараа олон хүн оролцуулж чадаагүй ч гэсэн кино баг маань цаг хугацаандаа дуусгасан. Продюссерүүд маань үнэхээр туршлага зааж л ард нь гарч чадсан гэж боддог.

“Хотулун гүнж” кино Монголд анхны Action зураглаачтай ажилласан кино болох байх. Продюссер саналыг хүлээн зөвшөөрч stuntman, action зураглаач Lacky -г маань авч ажилласанд баяралдаг. Нэгэнт action зураглаач авч ажиллуулсан болохоор тулаант уран сайхны кино гэж болно.

Хотулун гүнж гадаад зах зээлд гарч байгаа, Berlinale -д амжилттай оролцсон гэж сонсогдсон. Танд ямар сэтгэгдэл төрж байна?

Энэ бол үнэхээр сайхан мэдээ Berlinale -д дэлхийн олон улсуудын кинотой зэрэгцэн Монгол гүнжийн тухай “Хотулун гүнж” кино маань эх орныхоо байгалийн сайхнаар гайхуулж ахуй соёл зан заншлаа сурталчилж яваад нь үнэхээр баярлаж байгаа.

Тэртээх он жилүүдэд дэлхийд гайхагдаж байсан “Хотулун гүнж” маань өнөөдөр ч дэлхийн улс түмнүүдэд Монгол бүсгүй хүний ид хав эрэмгий зоригийг сурталчилж байгаа юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close