Уул уурхайFocus

Цагаан тоос дарах талаар мэдээлэл өгөв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон болон Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд Орхон аймгийн Жаргалант сумын иргэдэд цагаан тоосны дэгдэлт дарах чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар мэдээлэл өглөө. 

Монголдоо хамгийн том гидро байгууламж болох Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй одоогоор 2120 га талбай эзэлж байна. Талбайн хэмжээ нэмэгдэх болсон нь Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбоотой юм. Ил уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэр дэх металлын агуулга буурч байгаа учраас Эрдэнэт үйлдвэр эцсийн бүтээгдэхүүнийхээ хэмжээг барихын тулд хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Хаягдлын аж ахуйд цагаан тоосны дэгдэлт дарах ажил 1997 оноос  эрчимжиж, үе шаттай ажлууд хийгдэж байсан талаар Баяжуулах үйлдвэрийн дарга уулзалтын үеэр танилцууллаа. Тухайлбал 1997-2016 он хүртэл лигносульфатын уусмал цацах, лигнин уусмалын болон бороожуулах туршилт хийж, нийлэг тороор хучих, хар шороон хөрсөөр дарах, наанги шавраар хучих зэрэг арга хэмжээ авч байжээ. Олон аж ахуйн нэгж, гадаад дотоодын мэргэжилтнүүд туршилт судалгаа хийсэн боловч мэдэгдэхүйц үр дүнд хүрэхгүй байв.

Харин сүүлийн жилүүдэд Цагаан тоос дарах тусгай алба байгуулан, химийн флокулянт урвалж ашиглан, найруулдаг, цацдаг, дагтаршуулдаг тоног төхөөрөмж авч ажилласан нь хүлээж байснаас илүү үр дүн үзүүлжээ. ХАА-д зөвхөн цагаан тоос дарах зориулалтаар 10-аад км урт, гурван эгнээ зам тавьснаар техник хэрэгслүүд хүрч ажиллах, норголт хийх боломж бүрдүүлжээ. Мөн вокзал болон Говил талд 24 цагийн ажиллагаатай, суурин станц байрлуулан тоосны хэмжээ, салхины хурд хэмжиж байна.  2018 онд салхины хурд 19 м/сек хүрэхэд цагаан тоос 42 удаа дэгдэж байсан бол 2021 онд салхины хурд 21 м/сек байхад цагаан тоос 22 удаа дэгдсэн судалгаа бий. Энэ нь цагаан тоосны дэгдэлт дарах ажил тодорхой үр дүн хүрснийг харуулж байна. 

Цаашид Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэхээр ТЭЗҮ боловсруулан ажиллаж байна. Энэхүү шинэ технологийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан нэвтрүүлснээр цагаан тоосны дэгдэлт 90 хувь буурна гэж мэргэжилтнүүд  хэллээ. 

Харин Жаргалант сумын иргэдийн хувьд цагаан тоос хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй амьжиргаанд нөлөөлж байна гэв. Иймээс эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эмчилгээ үйлчилгээнд бүх иргэдийг хамруулах, гүний худагтай болж ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, хүлэмжийн тариалалт эрхлэх зэрэг хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close