Уул уурхайОнцлох

600 гаруй вагон зэсийн баяжмал экспортод гаргажээ

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд усан бар жилийн анхны шуурхай зөвлөгөөнөөрөө сар шинийн өдрүүдийн ажлын мэдээлэл болон 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа. Сүүлийн долоо хоног буюу сар шинийн баярын өдрүүдэд үйлдвэрийн хэмжээнд ковидын 77 тохиолдол батлагдсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 41 хувиар буурсан үзүүлэлт гэж Эрдэнэт сувиллын цогцолбороос мэдээллээ.

“Энэ нь ажилтнуудад сэрэмжлүүлэг өгөх, дотоод хяналтыг сайжруулах, гэрийн ажиглалтад байх үедээ хүн бүр халдвар хамгааллын дэглэм мөрдөх зэрэг түлхүүр арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүн. Мөн үйлдвэрийн Шуурхай штабаас шинж тэмдгээр илрүүлэх, шинжилгээ, тандалт судалгаа гэсэн гурван чиглэлээр ажилласанаар халдварын тархалт буурч байна” гэдгийг онцлов. 

Баярын өдрүүдэд үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил дутагдалгүй ажилласан байна. Экспортын ачилт хийгдсэнээс хойшхи хугацаанд нийт 600 гаруй вагон зэсийн баяжмал ачиж, урд хөршийн хилээр гаргажээ.

Өнөөдрийн байдлаар, 200 орчим вагон баяжмал замд явж байгаа бөгөөд экспортын ачилт жигдэрснийг Тээвэр ложистикийн төвийн удирдлага мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт Баяжуулах үйлдвэрийн ММС-2 тээрмийг, хөдөлгүүрийн хамт шинэчлэх ажил төлөвлөгөөний дагуу амжилттай хийгдсэн байна. Тээрэм шинэчлэлийн ажлыг Барилга засварын цех, Барилга угсралтын цех болон бусад холбогдох нэгжүүд хамтран хугацаанаас нь өмнө гүйцэтгэжээ.

Сар шинийн баярын өдрүүдэд үйлдвэрийн хэмжээнд бүтцийн цех нэгжүүд хариуцлагатай жижүүрийн горимд шилжиж, Хуулийн хэлтсээс Ерөнхий захирлын А/137 дугаар тушаалын дагуу нийт 18 шалган нэвтрэх пост, цэгүүдэд хяналт тавин ажилласан байна.  Шинэ гарч буй бар жил Эрдэнэт үйлдвэрийн хувьд Их бүтээн байгуулалт өрнөсөн жил болно. Үйлдвэрлэл, нийгэм соёлын чиглэлээрх бүтээн байгуулалтуудаа ирэх 3 дугаар сарын 1-нд эхлүүлж, жигдрүүлнэ.

Тиймээс жилийн эхнээс бүх ажлаа нарийн зөв төлөвлөж, долоо хоног, сар, улирлаар дүгнэж хэлэлцэж явах шаардлагатайг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шуурхайн төгсгөлд анхаарууллаа. Мөн худалдаа хангамжтай холбоотой асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэж, Засвар механикийн заводын технологийн түүхий эд, хүхэрт натри, баяжмалын уут зэрэг бараа материалын нөөц бүрдүүлж ажиллах чиглэл өглөө. Тэрээр үйлдвэрлэл, үйл ажиллагааны мэдээллийн дараа нийт уурхайчид хамт олондоо “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүссэн юм. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close