Том төслүүдийн бүтээн байгуулалт III сараас эхлэнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, сар шинийн өдрүүдэд үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах зохион байгуулалт хийгээд зэсийн баяжмал ачилт, ханган нийлүүлэлт, бүтээн байгуулалтын ажлын талаар хэлэлцлээ.
Цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилийн хориг тавьснаар сүүлийн хоёр сарын хугацаанд саатаад байсан зэсийн баяжмалын экспорт, ачилт өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн бүсэд 90 орчим мянган тонн буюу 200-аад сая ам.долларын өртөг бүхий зэсийн баяжмал хуримтлагдсан бөгөөд одоо таван цэгээс хоногт 60 вагон ачилт хийгдэж байна. Харин том төслүүдийн тоног төхөөрөмж болох чингэлгээр тээвэрлэх боломжгүй овор ихтэй ачааг татах ажлыг шуурхайлан, үйлдвэрлэлийн технологийн бараа материалыг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллаж байгаагаа Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар мэдээллээ. Түүнээс гадна Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг цогцлоох, улмаар Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах SX/EW технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр барих ТЭЗҮ-ийг батлуулах ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг танилцуулсан юм.
Эрдэнэт үйлдвэр 2022 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, үндсэн чиглэлдээ тусгасан техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, ирээдүй рүү чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх бүтээн байгуулалтыг 3 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр төлөвлөсөн. Үйлдвэрлэлийн чиглэлийн бүтээн байгуулалтууд зохих журмынхаа дагуу саадгүй үргэлжлэх учраас нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтуудад түлхүү анхаарах, тодруулбал “Уурхайчин-2, 3” төслийн ажлыг эрчимжүүлэхийг холбогдох хэлтсүүдэд үүрэг болгов.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс ахмадууддаа үзүүлдэг дэмжлэгүүд, эмчилгээний зардал сар шинийн баярын өмнө эзэддээ хүрчээ. Мөн 75-аас дээш насны 201 ахмадад 100 мянган төгрөг, 85-аас дээш насны 26 ахмадад 300 мянган төгрөгийн дэмжлэг нэмж олгосон байна. Түүнээс гадна 95-аас дээш настай азай буурлуудад бэлгийн багц хүргүүлжээ. Он гарсаар 22 ажилтан орон сууцны хөнгөлөлтөнд 13 сая төгрөг авсан гэж Нийгмийн харилцааны хэлтсээс мэдээллээ.
Хурлын төгсгөлд Ерөнхий захирал энэ жил Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиох учир хагас зуунд салбартаа манлайлсан Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдээ эрүүл энх байж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахын төлөө хичээн ажиллахыг уриаллаа.
М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС