Байгаль орчинFocus

Гол мөрний мөсөн дээгүүр бүү зорчоорой

Сар шинийн баярын үеэр гал түймэр, аваар ослоос сэргийлэхийн тулд дараах зүйлст онцгойлон анхаарахыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

-Цагаан сарын баяраар нийслэлээс хөдөө орон нутаг руу, хөдөөнөөс хот руу зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Алсын замд зорчихдоо жолооч нар онцгойлон анхаарах зүйл бол авто техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн анхаарал болгоомж, ур чадвар, хариуцлага байдаг. Тиймээс алсын замд хайртай, дотно хүмүүсээ, гэр бүлийнхэнтэйгээ явж байгаагаа ямагт санан, машид болгоомжтой зорчихыг сануулж байна.

Иргэд зам товчлох, цаг хожихын тулд гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөс цөмрөх, автомашинтайгаа живэх тохиолдол гардаг. Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй дулаан байгаагаас гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, мөсний  даац зарим газраа тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр бүү зорчоорой. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөс нимгэн, зорчих боломжгүй аюултай газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээг байршуулсныг анзаарч явахыг санууллаа. Мөн бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Түүнчлэн аюул, осолд өртсөн иргэн аврах багийн болон эмнэлгийн яаралтай тусламж авахын тулд өөрийн байгаа газрынхаа байршлын хаягийг үнэн, зөв өгөх нь хамгийн чухал байдаг.  Иргэд, малчид цасан болон шороон шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, нуур, усанд живэх, цасанд суух, зүг, чигээ алдах, төөрөх зэрэг эрсдэлт нөхцөлд өөрийн байгаа хаяг, байршлаа тодорхой хэлж мэдэхгүйгээс яаралтай тусламж авч чадалгүй эрсдэлд өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гардаг. Онцгой байдлын байгууллагад иргэдээс ирдэг дуудлагын 40 орчим хувийг хаяг, байршил нь тодорхойгүй дуудлага эзэлдэг бөгөөд иргэд хөдөө нутгийг зорин зорчихдоо хаяг тодорхойлох шинэ технологи ашиглах, байршил тодорхойлох аппликэйшнийг гар утсандаа суулгаж явах нь эрсдэлээс сэргийлэх нэг алхам гэдгийг анхаарууллаа.

Эх сурвалж: НЗДТГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close