УИХОнцлох

ТБХ: Төсөвт тодотгол хийх тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.31) 12 цаг 08 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын  2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж,  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар 2022 онд инфляцийн түвшин 6.7 хувьтай байх зорилтыг хангах эсэхийг лавлахад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, Улсын Их Хурлаар баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцийн түвшин 6.7 хувьтай байхаар батлагдсан зорилтыг хангаж ажиллана гэдгээ онцолсон. 

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нарын зүгээс  “хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 7-д тусгагдсан “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ тэрбум төгрөгөөр 2022 онд “4,906.7” гэснийг  “4,809.6” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2022 онд “10.5” гэснийг “10.3” гэж тус тус өөрчлөх зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.  

Иймд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Дараа нь Засгийн газраас 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно гэсний дагуу Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нараас горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн. 

Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.  

Хуулийн төслийн эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1.-т зааснаар хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөгдөхгүйгээр, үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийхтэй холбоотой Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нараас  гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Төслийн 1 дүгээр хавсралтын 13.1.1.238-д тусгагдсан бага сургуулийн барилга 160 суудал, Баян-Өлгий, Ногооннуур сум, 2 дугаар баг төсөл арга хэмжээний “2 дугаар баг” гэснийг “6 дугаар баг” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close