Уул уурхайГадаад харилцааОнцлох

Нийт 200-аад сая ам долларын өртөг бүхий зэсийн баяжмал хуримтлагдаад байжээ

Цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилийн хориг тавьснаар сүүлийн 2 сар орчим хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт, ачилт саатаад байсан юм. Өөрөөр хэлбэл, урд хөршийн хил гааль хаагдсантай холбоотойгоор тус үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл үүсэж, нийт 200-аад сая ам долларын өртөг бүхий зэсийн баяжмал үйлдвэрийн байранд хуримтлагдаад байв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох яам, газруудад асуудлыг цаг алдалгүй тавьснаар шийдэлд хүрсэн байна. 

Өнөөдрөөс Эрдэнэт үйлдвэрийн бүсэд хадгалагдаж буй зэсийн баяжмалыг экспортод ачиж эхэллээ. Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар төмөр зам, Замын үүдийн боомтоор ачаагаа гаргаж эхэлснээр одоогийн байдлаар 112 вагон  зэсийн баяжмалыг урд хөршид хүргээд байгаа аж. Мөн 49 вагон ачаа нэвтрэхээр хүлээгдэж байна. Айраг, Сайншанд, Багахангай зэрэг өртөөний замд зогсоод байсан 247 вагон ачаа өнөөдөр боомтоор гарч дуусах төлөвтэй байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр өмнө нь хоногт 28-30 вагон зэсийн баяжмал ачдаг байсан. Харин одоо хоёр сарын турш нөөцлөгдсөн баяжмалыг нэмж ачихаар хоногт 50 орчим вагон ачаа төмөр замаар гаргах болж байна. Өдөр бүр ийм хэмжээгээр  ачихад сар гаруйн хугацаа орно” гэж тус үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар онцоллоо. Зэсийн баяжмалын ачилтад шаардагдах вагон болон бусад асуудлыг Улаанбаатар төмөр зам шуурхай гаргаж, хамтран ажиллаж байна. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close