НийгэмФото сурвалжлага

“Ачлалт хүүхдүүд” байртай боллоо

Монгол Улсын хүн амын 2.97 хувь нь буюу 80 мянга орчим хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ба тэдэнд амьдралын олон хүндрэл бэрхшээл тулгарч байдаг. Тэгвэл Монголын маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгээхэн хэсэг болох 20 гаруй иргэнийг асран халамжилж байгаа “Ачлалт хүүхдүүд” ТББ-ын хамт олон өнөөдөр Баянхошууны Хөтөлд шинэхэн сувиллынхаа нээлтийг хийлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалдаг тэд “Энэ бол асрамжийн газар биш. Энд эмчилгээ, сувилал хийгддэг, өвчтэй хүмүүсийн асран халамжилдаг боловч эмнэлгээс тэс өөр. Энд эмчлүүлж, асруулж байгаа ч бид нэг гэр бүл. Бид хамтдаа амьдралын хамтдаа туулж, тэмцэж, ганцаардлаас хол амьдардаг” хэмээн дуу нэгтэй хэлж байсан юм.

Нээлтийн ёслолд “Ачлалт хүүхдүүд” ТББ-ийн тэргүүн Б.Саранбаатар,  Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Д.Хүрэлбаатар, МУГЖ Поп Диваа Ж.Алтанцэцэг,  Сонгинохайрхан дүүргийн Засагдарга Ж.Сандагсүрэн,  МҮОНРТ-ийн ММ агентлагийн захирал Р.Гандиймаа, ХНХЯ-ны ХБИХХ-ийн дарга С.Рэгзэн, “Ачлалт хүүхдүүд” ТББ-ийн асаруулагч н.Лхагва болон хамтран ажилласан байгууллага хамт олны төлөөлөл оролцлоо.

Тус төвд одоогоор хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчгүй хүмүүс асруулж байгаа аж. Ингээд нээлтийн ёслолд оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.

н.Равжаа:  Хүүхэд цөөтэй, ганцаардсан би хүмүүсийн дунд сайхан байна

/93 настай/

Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэн Улаанбаатар хотод барилгын илгээлтээр анх ирж амьдарсан. Олон жил барилга дээр ажиллаж тэтгэвэрт гараад удаж байна даа. Хүүхэд цөөтэй, ганцаардсан хүн би. Энэ төвд ирээд сар гаруй л болж байна. Эмэгтэй голдуу хүүхдүүд чинь хань ижлээ дагаад явчих юм.

Тэд маань хөдөө амьдрадаг. Би өөрөө Баянхошууны эцэст хашаанд гэртэй, гэртээ ганцаараа олон жил амьдарсан. Манайхаар энэ төвийн маань дарга очсон юм. Над дээр очоод хамт явья гэсэн. Гэр оронтой ч хань ижилгүй болоод ганцаардчихаар хэцүү л байдаг юм байна. Гэхдээ энд ирээд хүмүүсийн дунд ороод сайхан л байна.

Б.Саранбаатар: Бид өөрийн гэсэн байр савтай болж, үнэхээр сайхан байна

/“Ачлалт хүүхдүүд” ТББ-ийн захирал/

Хүүхэд байхад миний дүү менингит өвчнөөр өвдөж, мөн миний аав хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. Хүүхэд байхаасаа  хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харж, хамтдаа амьдарч ирсэн учраас тэднийг сайн ойлгодог, туслахыг хүсдэг байлаа. Хүсэл маань улам л батжиж, зорилго маань амжилттай бүтэж яваад баяртай байна.

Гэхдээ асарч байгаа бид төдийгүй асруулж байгаа хүмүүс маань азтай. Аз гэдэг тийм их тохиолддог зүйл биш, ховор тохиодог. Бид өөрийн гэсэн байр савтай болоод ажиллана гэдэг үнэхээр сайхан байна. Бид болон энд асран хамгаалуулж байгаа хүмүүс “Бид нар шиг азтай хүн алга “ гэж ярьдаг.

Одоо манайд асруулагч 23 хүн байна.  Цаашдаа хүнийхээ тоог нэмж 50 хүн  болгох хүчин чадалтай боллоо. Өнөөдөр Худалдаа хөгжлийн банк, М-Си-Эс Кока Кола компани зэрэг байгууллагууд болон олон хүний буян, сайхан сэтгэлийн тус дэмээр ийм сайхан өргөөтэй болж, энэ өргөөнийхөө нээлтийг хийж байгаадаа баяртай байна.

Дээр нь манай төвийн зөвлөхөөр ажилладаг Поп Дива Алтанцэцэг эгч маань алс холын Америк орноос зорин ирж, нээлтэндээ оролцож байна. Засварын ажилд Алтанцэцэг эгч маань  Америкаас дэмжлэг үзүүлж байсан. Өмнө нь бид түрээсийн байраар 3 жил явсан юм. Түрээсийн байранд хүн ажиллаж болох ч гэлээ өөрийн гэсэн байртай болох зорилготой байсан юм.

Ж.Алтанцэцэг: “Өгөхийн буян оршихийн цагт авахын буян ирдэг”

/МУГЖ, Поп Дива/

Худалдаа хөгжлийн банк маш сайхан нөхцөлтэйгээр эргэн төлөгдөх  зээлийг гаргаж өгсөнд баяртай байна. Энэ бол Монголчууд бид нийтээрээ  зүтгэвэл юунд ч хүрч болдогын жишээ гэж харж байна. Монголдоо жишиг төв нээгдэж  байна.  Би “Өгөхийн буян оршихийн цагт авахын буян ирдэг” гэсэн үгэнд итгэж явдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй  иргэд гэхгүй нийгмийн хамгаалал хэрэгтэй бүхий л хүнд туслахыг уран бүтээлч хүмүүс хүсдэг. Өнөөдөр энэ төв маань нээгдэж байгаад баяртай байна. Америкийн нэгдсэн улсын Лос Анжелос хотын монголчууд маань хандив тусламж өгсөн, Чикаго хотын Монгол төвийнхөн маш том сэтгэлийн тус өгч, өрөөг тохижуулахад тусаллаа, мөнгөн хандив өглөө.  Тэнд ажиллаж байгаа монголчууд маань сэтгэл зүрхээрээ энэ ажлыг дэмжлээ.

Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл нь хөгжлийн бэрхшээлтэй биш, бие нь л хөгжлийн бэрхшээлтэй гэж хардаг. Тэд бидэнтэй адил гэрэлтэй гэгээтэй нийгэмд  амьдрах ёстой гэж боддог хүнийхээ хувьд энэ ажлыг дэмжсэн. Төвийнхөө нээлтэн дээр нь ирээд зогсож байгаа минь  өөрөө гайхалтай хэрэг болж байна. Бид баг болж ажиллаж чадлаа.

Саранбаатар, Болроо хоёр маань энэ ажлыг эхлүүллээ. Энэ сувилал  монголчууд нэгдвэл юуг хийж чаддагыг харууллаа. Би бол уран бүтээлч хүн. Гэхдээ би  энэ байгууллагын зөвлөх гэдэг нэрээ өндөрт өргөж, өөрийнхөө зүгээс туслах боломжтой бүхнээрээ дэмжиж ажиллах болно.

Д.Хүрэлбаатар: Манай ажиллагсад 20 гаруй сая төгрөгийг бэлэглэсэн

/Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал/

Нийгмийн хариуцлага гэж бид их ярьдаг. Энэний бодит үр дүн хэрэгтэй.  Тиймээс бид “Ачлалт хүүхдүүд” Төрийн бус байгууллагын үйл  ажиллагааг дэмжиж Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан асрамж, сувиллын газарт 8 хувийн хөнгөлттэй, 350 сая төгөргийн зээл олгосон.

Мөн манай ажиллагсад   хуримтлал бий  болгож, 20 гаруй сая төгрөгийг бэлэглэсэн байгаа. Цаашдаа энэ байгууллагыг дэмжиж өөрийн харилцагч нартаа хандаж, нийгмийн бодитой үр дүнтэй  ажиллаж байгаа Төрийн бус байгууллагуудтай хамтарна.

Энэ нь өнөөдрийн нийгэмд чухал маш чухал зүйл гэдгийг ойлгож дэмжиж ажиллана.

\

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close