УИХЗасгийн газарОнцлох

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг ЗТХЯ-нд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан билээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан тус ажлын хэсэг (2022.01.19) Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 2021 онд нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьд хүрсэн байна.  

Харин  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”-ийн зам барилгын ажил өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. Төслийн зам барилгын ажлыг мөн таван багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж буй аж. Нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувийн хэрэгжилттэй байгаа аж.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа гэж. Мөн ирэх оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулгынхаа үеэр ярилаа.

Ажлын хэсгийнхэн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд тавьж буй хяналт шалгалтын тайлан гаргах, цаашид хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө нарийн гаргаж танилцуулах, барилгын ажлын явцыг 14 хоногоор багцалж, явцын мэдээллийг байнга өгч байх, цар тахлын үеийг бодолцож бараа, материалынхаа нөөц бүрдүүлэлтэд анхаарах, туслах замын асуудлыг нарийн тооцоолж шийдэх зэрэг үүрэг, чиглэл өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close