2021 оны ажлын үр дүнгээ дүгнэнэ
Эрдэнэт үйлдвэрийн /2022.01.10/ ээлжит шуурхай хуралдаж, цаг үеийн асуудалд анхаарал хандуулав. Эрдэнэт сувиллын цогцолбороос хийсэн мэдээлэлд сүүлийн өдрүүдийн ковидын нөхцөл байдал, оны эхний долоо хоногт вирусын тархалт нэмэгдэх төлөвтэй байгааг онцолсон. Иймд цех нэгжүүд ажлын байрны ариутгал, халдвар хамгааллын дэг горимыг чанд баримтлах шаардлагатай байгааг анхаарууллаа. Хүйтний улиралд буюу 1-3 сард үргэлжилдэг томуу, томуу төст өвчний тархалтын эрчимт үе омикрон вирусны давалгаатай давхцаж буй нь өндөр эрсдэл үүсгэж байна. Үүнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах үүднээс үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасныг ХАБЭА-н хэлтэс, Шуурхай штабын дарга Д.Мөнхболд мэдээллээ.
Шуурхай штабын хуралдаанаас ажиллагсдын амны хаалтны зүүх, гар угаах дадалд хяналт тавих, хүн хоорондын зай барих горимыг хэрэгжүүлж, олон нийтийн арга хэмжээг цахимжуулах, дархлаажуулалтыг идэвхжүүлж, 4-р тунд сайн дурын үндсэн дээр хамруулах, хоолны цэгүүд болон ажлын байрны бөөгнөрөл, нягтралыг сааруулах, цахимаар ажиллах зохицуулалт хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис нөөцлөх, Гамшгаас хамгаалах штабаас чиглэл гаргах хэрэгжүүлэх зэрэг халдварын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. Ковидын тархалтыг бууруулах, халдвараас хамгаалах чиглэлээр сүүлийн 2 жилд ажилласан туршлагатай тул одоо арга барил, үйл ажиллагаагаа өөрчилж, илүү үр дүнтэй, үр дагавраас түрүүлж ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүх цех нэгжийн удирдлагуудад анхааруулж, үүнд онцгой анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн үйлдвэрийн хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацааг ирэх 3 дугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, энэ хугацаанд улсын болон аймгийн Онцгой комиссын чиглэлийг мөрдөж ажиллахыг сануулав.
Өнгөрсөн 7 хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчил доголдолгүй, үйлдвэрлэл хэвийн үргэлжилсэн байна. Оны эхнээс бүтээн байгуулалтын ажлууд хуваарийн дагуу хийгдэж, Барилга засварын цехийнхэн нийгмийн болон үйлдвэрлэлийн чиглэлийн нийт 19 обьектод ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугам, бөмбөлөгт тээрмийн угсралт, суурилуулалт эхэлснийг цехийн удирдлага мэдээлэв. ДЦС өнөөдрийн байдлаар, 29 мянган тонн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй ажиллаж байна. Мэдээллийн технологийн хэлтсээс үйлдвэрийн үйл ажиллагаанд үүлэн технологи шинээр нэвтрүүлж, албан ёсны эрхтэй, аюулгүй байдлын баталгаатай технологи нэвтэрч байгааг тус хэлтсээс мэдээллээ.
Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдоржийг Ил уурхайн даргаар томилсон тухай Ерөнхий захирлын тушаалыг танилцуулав. Д.Нямдорж нь Эрдэнэт үйлдвэрт уурхайн тэсэлгээчинээс эхлээд удирдах түвшинд хүртлээ 35 жил ажиллаж буй уурхайн мэргэшсэн инженер юм.
Эрдэнэт үйлдвэрийнхэн сар шинийн баярын өмнө өнгөрсөн жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, ажлын үр дүнгээ хэлэлцэж, дүгнэдэг уламжлалын дагуу оны ажлын тайлангаа энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийн тайлан төлөвлөгөөний хүрээнд худалдан авах ажиллагааны сүүлийн таван жилийн тайланг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, “Худалдан авах ажиллагаа-Өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт чуулган зохион байгуулахаар төлөвлөж буйг Ерөнхий захирал мэдээллээ.
М.Балжинням
Фото Б.Баттөгс