Иргэд тав тухтай орчинд үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ
ХӨСҮТ өнгөрсөн оны 11-р сард Амбулаторийн тасгийн угтах хэсгээ засварлаж ашиглалтад оруулсан байсан билээ. Тэгвэл өнөөдөр /2022.01.05/ иргэдэд үйлчилдэг үндсэн тусламж үйлчилгээний хэсгээ бүрэн засварлаж, тохилог, тав тухтай орчинд иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Эмнэлгийн үйлчилгээний хэсгийн засварын ажлыг дуусгаж, хүлээн авах арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан, Барилга менежмент ХХК-ийн Захирал О.Мөнх-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Энэ үеэр ХӨСҮТ Ерөнхий захирал Б.Билэгтсайхан “Бид Үйлчлүүлэгчид болон ажилчдад ээлтэй орчин бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд эмнэлгийн барилга байгууламжийн засварын ажлаа олон нийтийг хүлээж авдаг угтах хэсгээсээ эхлүүлсэн бөгөөд өнөөдөр энэ ажлын маань үргэлжлэл болсон Амбулаторийн тасгийн засварын ажил бүрэн дуусаж үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.
Манай эмнэлгийг сонгон үйлчлүүлж байгаа иргэд маань аятай тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөл бүрдэж байгаад баяртай байна. Бараа материалын хомстолтой үед сэтгэл, зүтгэл гаргаж хугацаандаа барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн Барилга менежмент ХХК-д талархлаа. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэмэлтээр шинжилгээний өрөө, эмч нарын өрөөг засаж өгсөнд нийт ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Засварыг маш богино хугацаанд гүйцэтгэл өндөртэйгөөр хийж гүйцэтгэхэд маш том дэмжлэг үзүүлсэн эмнэлгийн Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан болон Хангамж үйлчилгээний албаны хамт олонд талархал илэрхийлье” гэв.
Тус үйлчилгээний хэсгийн 600 орчим мкв талбайн засварын ажлыг ХӨСҮТ төсөвт хөрөнгөөр болох 250 сая төгрөгөөр засварласан бөгөөд уг ажлыг “Барилга менежмент” ХХК 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 45 хоногийн хугацаанд засварлажээ.