Төрийн өмчид 64.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Д нарт холбогдох эрүүгийн 27 хэргийг шүүхэд шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 547 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 27 хэргийг шүүхэд шилжүүлэх, 28 хэргийг хаах, 6 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 484 хэрэг шалгагдаж байна.
Алт олборлодог аж ахуйн нэгжээс 200 сая төгрөгийн хахууль авсан Ц, багш нарын цалин дээр урамшууллын мөнгө бодож гаргуулан хувьдаа завшдаг Б, иргэдээс хураасан авто зам ашигласны төлбөрийг хувьдаа завшсан Б, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан Н, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Б, төрийн өмчид 64.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Д нарын зэрэг албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 27 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэв.
Түүнчлэн байгууллагын хөрөнгийг дураараа зарцуулж олсон орлогоос ашиг авсан, байгууллагын газрыг худалдан борлуулсан, татварын тайлангаар ямар ч бүртгэлгүй төрсөн дүүдээ буцаан олголт хийсэн, худалдан авах ажиллагаанд хамаарал бүхий этгээдээ оруулж шалгаруулсан, 120 сая төгрөгийн тендерийг шалгаруулалтгүйгээр өөртөө авсан, байгууллагадаа урьдчилан байдлаар 47.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл бүхий гомдол, мэдээллүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээн шалгаж байна.