Эдийн засагFocus

МҮХАҮТанхим ОХУ-ын Росконгресс сантай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийн ОХУ дахь айлчлалын бүрэлдэхүүнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар багтаж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд өнөөдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуровтай уулзах уулзалтад оролцов.

Мөн “Росконгресс” сангийн захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Александр Стуглевтэй уулзаж, МҮХАҮТ-ОХУ-ын Росконгресс сантай Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт-импорт, аялал жуулчлал, соёлын чиглэлүүдэд хамтран ажиллах юм. Түүнчлэн талууд олон улсын түвшинд хэлэлцүүлэг өрнүүлэх, Монгол-Оросын бизнесийн харилцаа холбоог бэхжүүлэх, урт хугацааны шинэ түншлэл эрэлхийлэх асуудалд анхаарал хандуулан ажиллахаар тохиролцсон байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид Росконгресс сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь ОХУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн чиглэлээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлийг тодорхой илэрхийлж байна гээд хоёр орны бизнесүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн, гэрээний хэрэгжилтийг бодитоор хангах зорилт тавин энэхүү гэрээг байгуулж байна” хэмээн онцлов. “Росконгресс” сангийн захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Александр Стуглев “Росконгресс сан нь Зүүн Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Монгол Улсад найдвартай түнштэй болсондоо баяртай байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаатай холбогдуулан Орос Монголын бизнесүүдийн харилцааг идэвхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах болно” гэв.

Маргааш МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар ОХУ-ын ХАҮТ-ын удирдлагуудтай ирэх онд Монгол-ОХУ-БНХАУ-ын ХАҮТ-ын дээд уулзалт болон “Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс-2022” бизнес форумыг Монгол Улсад зохион байгуулах асуудлаар уулзаж, санал солилцоно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close