Focus

Маскаа хаях болоогүй шүү. Хүмүүс ээ!

Хүн төрөлхтнийг айлгаж байгаа COVID-19 өвчин дэлхий дахины амьдралыг орвонгоор нь эргүүлж бүр ондоошил үүсгэж байна. Хоёр жилийн өмнө “төрсөн” энэ өвчин хэзээ дарагдах нь тун тодорхойгүй. Бүх төрлийн шинжлэх ухаан хөгжлийнхөө дээдэд бараг хүрсэн ч уг өвчин төгсгөл болох цаг үеийг эрдэмтэд төсөөлж чадаагүй л байна. Ээ дээ. Жаахан намжих нь уу гэхийн сацуу баг өмссөн дээрэмчин шиг зүсээ хувилган нэрээ өөрчлөн дахиад  гарч ирэх юм. Коронавирусээр эхлээд альфавирус, дельтавирус гээд л. Одоо юу гэнэв омикрон гэх болсон байх юм. Дэлхийн хэмжээнд 270-аад сая хүн өвчилж таван сая гаруй хүн амиа алдаад байна. Уг тооны өсөлт тун ч буурах янзгүй юм шиг. Эдийн засгийн хүчирхэг улс орон хүртэл энэ цар тахлын нөлөөнд барьц алдаж байгаа юм. Даангүй Европын орнуудад тахлын гурав дахь давалгаа ид байна. Цар тахлын үед асуудал дүүрэн дэлхий ертөнц төвөг ярвигтай энэ цагт хүн бүхэн шинээр амьдрахад суралцах нь чухал байгаа юм. За тиймээ дэлхийнхэн бүгдээр шинэ сорилтын эсрэг зогсож байна. Ердөө л өвчлөх үү, байх уу, үхэх үү, сэхэх үү гэсэн гурамсан холбоон дунд амьдрал өрнөж зугатах зайгүй үеийг туулсаар…

Тэгээд дэлхий гэхээ түр азнаж бидний монгол цар тахалтай хэрхэн тэмцэж байгааг анзааръя. Тун хэцүү замыг тууллаа. Цар тахалтай халз тулаад жил гаруй хугацаа өнгөрч. Засгийн газар, Улсын онцгой комисс тухайн үедээ муулуулж, сайлуулж байсан ч одоо бодоход гайгүй л ажиллаж дээ гэж бодогдоно.

Өнгөрсөн хавар, зун, намар тун ч сандруу байлаа. Хөл хорионд ч орж үзлээ. Найр наадам бол бүр ч хойш тавигдсаар бараг л өдий хүрлээ. Ажил албандаа очиход ч хязгаартай байсан үе бий. Сургууль, цэцэрлэг бол хаагдсан тийм цаг үеийг бид туулсан даа.

Тэгвэл өнөөдөр цар тахлын байдал ямар байна вэ гэвэл сүүлийн нэг өдрийн мэдээгээр 94 тохиолдол бүртгэгдэж Улаанбаатарт 75, орон нутагт 17 байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 380.6 мянгад хүрч харамсалтай нь 1963 хүн өөд боллоо гэжээ. Мөн өдрийн хамгийн олзуурхмаар мэдээ нь 16 аймагт халдвар бүртгэгдээгүй явдал байлаа. Үүнийг одоогоос ердөө гурван сарын өмнөхтэй харьцуулаад үзэхэд тун өөдрөг сэтгэгдэл төрөхөөр юм. Халдварын тохиолдол 2600-2800-гаас давж маш хүнд өвчтний тоо 300 илүү гарч өдөрт нас барагсад дандаа 10-аас давж зарим үед бараг 20-д шахаж байсан цаг бий. Тэр үед цөөхөн Монгол энэ цар тахлаар дуусах нээ гэж ярих хүн тааралдаж л байлаа. Хүн бүрийн сэтгэл санаа дэнсэлж байсан нь тэр л дээ.

Гэтэл өнөөдөр халдварыг дотооддоо алдаад сандарч байсан монголчуудад нэгэн итгэл бий болж ирлээ. Удахгүй шинэ онтой золгоно. Энэ үед улам өөдрөг ямартай ч үхэл зовлонгүй мэдээтэй байх болов уу гэж бодох юм. Өвчлөл ихэссэн үед эмнэлгийнхэн ачааллаа даахгүй сандарч байсан бол одоо бас өөр өнгө төрхийг олжээ. Хааяагүй дэлгээд байсан ор, дэрээ хурааж олон эмнэлэг үндсэн эмчилгээ, үйлчилгээ нь жирийн байдалд шилжлээ. Энэ бол бүтэн жил зовж зүдэрсний эцэст олж буй амжилт ч гэж болно.

Одоо Засгийн газар, Улсын онцгой комиссоос юуг сануулж байна вэ гэвэл нэмэлт тун буюу вакцинжуулалтын гурав дахь тундаа л яаралтай хамрагд гэдгийг сануулж байна. Ер нь вакцинжуулалтын хувьд Монгол Улс азидаа тэргүүлж яваа гэж ДЭМБ-аас мэдээлж байна лээ. Гэхдээ энүүхэндээ гэж ярихад гурав дахь тунгийн хамрагдалт тийм сайн бишийг нуултгүй. Засгийн газрын бодлогоор бол цар тахлын тархалт саарч байгаатай холбогдуулан худалдаа үйлчилгээ, соёл боловсролын салбарын ажиллагааг нээлттэй болгосон. Сүүлд урлаг, спортын арга хэмжээг зохих ёсны хязгаарлалттайгаар явуулахыг зөвшөөрсөн. Аажмаар амьдралын үндсэн хэв маягтаа шилжих нөхцлийг хангаж байна. Хамгийн гол нь вакцинжуулалтын гурав дахь тунд иргэдийнхээ 50 хувийг хамарч чадвал хорио цээрийн дэглэмийн шар түвшинд шилжинэ шүү гэдгийг анхааруулаад байгаа юм.

Бас Африкийн орнуудаас анх илэрсэн гэх омикрон гэх шинэ вирусийн халдвар дэлхий олон оронд гарчихлаа. Үүнээс сэргийлэх гол арга мөн л нэмэлт тун гэж байна. Омикрон гэдэг тэр хувилбар нь маш хурдан тархах чадвартайн гадна хүний бие махбодийн уургийн түвшинд нөлөөлдөг тул өмнөх хувилбаруудаас илүү хөнөөлтэй байх магадлалтай гэдгийг давтан хэлж байгаа юм.

Африкийн вирус судлаачид энэ шинэ хувилбарыг эболатай зүйрлэх хэмжээний аюултайг сануулсан нь бий. Тиймээс уг халдвар Монголд ороод ирвэл сөрөн зогсоход бэлэн үү гэсэн асуулт гарч ирж байна л даа. Энэ аюултай халдвар одоо зөвхөн африкийн орнуудад биш дэлхийн 16 оронд илэрчихээд байна.

Бүр монголчуудын олноороо очдог, ирдэг БНСУ, Японд ч шинэ тохиолдол илэрсэн гэж байгаа юм. Европын олон орон хил хязгаараа чангатгаж гадны иргэд хүлээж авахгүйгээ мэдэгдээд байна. Ийм нөхцөлд монголчууд бид яах ёстой вэ гэвэл халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүй. Амны хаалтаа дараа гэж үзэх нь буруу. Таны эргэн тойронд халдвартай хүн байж болзошгүй гэдгийг хэзээ ч битгий март. Ийм юмыг эмч, мэргэжилтнүүд захиж байна.
Хэдийгээр вакцины нэмэлт тунг сайн дурын үндсэн дээр хийлгэ гэж байгаа ч цаашдаа хорио дэглэм ямар түвшинд байлаа ч хүмүүс олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, спортын уралдаан тэмцээн үзэхэд заавал ч үгүй гурав дахь тунд хамрагдсан байхыг шаардаж байгаа юм шүү дээ. Үүнийг төр, засгийн албадлага гэж үзэх учиргүй тийм цаг үе ирж байна.

Хүмүүсийг вакцинжуулалтад хамрах бүрэн боломж байгаа шүү дээ. Нийслэлийн хэмжээнд гэхэд 29 явуулын цэг, 33 суурин цэг нийтдээ 71 багийн 280 гаруй эрүүл мэндийн ажилтан уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн 21 аймагт нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумдын эмнэлэгт вакциныг хийж байгаа. Нэг гол боломж хаа ч очоод тариулсан хэнд ч харьяалал харгалзахгүй үйлчилж байна. Ийм өргөн боломж нээж өгөөд байхад хийлгэх, хийлгэхгүй нь сайн дурын гэсэн биз дээ гэчихээд хэнэггүйтээд байх нь туйлын буруу.

Цар тахлын эхэн үед төр, засгаас таны төлөө бүхнийг хийж байсан бол одоо иргэн бүр өөрийнхөө төлөө эрүүл мэндийн төлөө өөрөө л анхаар гээд байна л даа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл иргэн та эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай ханд гэсэн хэрэг юм.

Бас нэгийг сануулахад сая нэг уяанаасаа алдуурсан амьтан шиг зан битгий гаргаарай. Ноднин шинэ жилээ хийгээгүй гээд энэ жил “зад авах” нэрээр ихээхэн учиргүйтвэл, халдвар хамгааллын дэглэмээ зөрчвөл цаашилж байгаа цар тахлыг буцаан авчрах болзошгүйг анхаараарай. Хүмүүс минь.

Эрүүл явбал Улсын наадам үзнэ гэсэн үг байдагчлан дахиад л шинж жил, цагаан сар болоод үгүйлээд байдаг наадам цэнгээн бүхэн чинь тохиолдоно шүү дээ. Тиймээс дэглэмээ сахь, Маскаа хаях болоогүй шүү.

Д.ЦЭРЭННАДМИД

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.12.15 ЛХАГВА № 245 (6722)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close