Нийгэм

Ж.Мөнхбаяр: Энэ орчлон дээр амьдарсаар байхыг хүсэж байна

Аав ээжийн хайртай хүү эрийн цээнд хүрч, хүний сайхан охинтой ханилж, амьдралын төлөө зүтгэж аз жаргалтай өдөр хоногууд үргэлжилж байлаа. Гэвч хүний хувь тавилан, заяа төөрөг хэзээ хэрхэн өөрчлөгдөхийг таах аргагүй. Нэг л өдөр маш ховор тохиолддог өвчнөөр өвдсөнөө мэдэж, эрүүл болохын тулд ах дүүс, анд нөхөд гэр бүлээрээ хайртай хүүгээ эдгээхийн төлөө бүхнээ зориулжээ. Энэ түүх 10 жилийн өмнө эхэлсэн байна. Тэрбээр Фейсбүүк цахим орчинд өөрт тохиолдоод байгаа үнэн түүхийг, ээжийнхээ тухай, хайртай ханыхаа тухай мэдээлэл бичээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хүн бол Munhbayar Bayaraa нэрээр мэдээлэл оруулдаг бөгөөд түүнтэй “Грийн хоум хоспис” хөнгөвчлөх эмнэлэгт байхад нь очиж уулзсан юм.

     Өвдөлт намдаадаг эмийг багаас нь эхлээд дээд цэгт нь хүртэл хэрэглэж байна

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач. Эрүүл мэндийн асуудал хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Намайг Ж.Мөнхбаяр гэдэг. 34 настай. 2007 онд анх өвдөж эхэлсэн. Тэр жилийнхээ зун нь Монголоороо яваад эмчилж чадахгүй болоод Бээжин рүү материалаа явуулсан чинь хагалгаа хийж, өвдөлтийг хэдэн жилээр намдааж болно гэсэн хариу ирсэн. Тэгээд гэр бүл, ах дүүсээрээ мөнгө босгож, гэр орноо зараад 30 гаруй сая төгрөгөөр Бээжинд хагалгаанд ороод 2011 он хүртэл өвдөлт гайгүй байсан.

Тэгээд 2011 оноос хойш 6 жил тасралтгүй өдөр бүр морфин, нурафатик төрлийн мэдрэлийн гаралтай өвдөлт намдаадаг эмийг багаас нь эхлээд дээд цэгт нь хүртэл хэрэглээд явж байна. Тэгээд одоо Монголд байгаа өвчин намдаах төрлийн эмнүүдийн оргилд хүрээд, өвдөлт дээд цэгтээ хүрсэн байдалтай л байна.

-Одоо ямар эм тариа хэрэглэж байна?

-Энэ өвчин маань эмчилгээ байхгүй маш ховор тохиолддог 100 саяд нэг тохиолддог нуруу нугасны L1-L4 ийн хооронд адуун сүүлний дотор талд үрэвсэлт наалдинга гэсэн оноштой. Ямар нэгэн мэс засал хийж болохгүй, гаднаас нь ч эмчилж болохгүй. Салгаад авчихаж болохгүй тийм л өвчин. Хамгийн гол нь өвдөлтийг нь дарах, өвдөлтийг хяналтандаа байлгах л эмчилгээ байгаа.

Одоогоор морфин, педитин, дебапантейн лерика гээд эм болон дагалдах 12 ширхэг эмийг 6 цагийн зайтай уудаг. Нэг удаагийн 12 ширхэг эмээ 20 минутын зайтай уудаг. Гадаадад ийм өвчтэй хүмүүс байдаг. Америкт гэхэд ийм өвчтэй хүмүүсийн хувьд өвдөлтөө хянахад медикал марихуан гээд каннабис хэрэглэдэг. Гадаадад хамгийн гол нь эмнэлгийн чиглэлээр гаргасан янз бүрийн өвчин намдаах эм тариаг хэрэглэдэг.

Монголыг бодвол эмний сонголт их бий. Өвчин намдаах, өвдөлт зогсоох 50 төрлийн эмийн сонголт байхад монголд 5-6 ширхэг эмийн сонголттой. Тэрийгээ уугаад, тариад эцэст нь уух эмийн тоо олширч өвдөлт хоорондын зай ойртохыг үгүйсгэх аргагүй.

-Нэг удаа хийлгэсэн дусал, тарилга хэр удаан өвдөхгүй байлгах вэ?

-6-8 цаг л барина. Эмнүүдээ уугаад тариагаа хийлгэнэ. Дунджаар нэг удаагийн уух эм тарианы мөнгө 28-30 орчим мянган төгрөг болдог.

Эмчилгээний зардалд 30 сая төгрөг л хэрэгтэй

-Фейсбүүкт хандивын аян өрнүүлж, тусламж хүссэн байна. Монголчуудаасаа яг юу хүсэж байна?

-Надад туслаад фейсбүүкээр сайн санааны гараа сунгаж байгаа хүмүүс маш олон байна. Намайг маш олон сайн хүмүүс хүрээлдэг юм байна. Австрид миний өмнөөс явж байгаа хэдэн монгол эгч нар байгаа. Тэд өвдөлт намдаах чиглэлээр эмнэлгүүдээр судалсан. Нилээн явсны дүнд Австрид өвдөлтийг хянах эмчилгээг хийх маш сайн эмнэлэг олсон. Тэгэхээр тэнд очиж эмчлүүлэх хандивын аянг өөрийн фейсбүүктээ тавьсан хэлүүлсэн байгаа. Эмчилгээний зардалд 30 сая төгрөг л хэрэгтэй. Монголын ард түмэн маань туслаад дэмжээд өгвөл аль болох хурдан л явж эмнэлэгтээ очмоор байна.

-Австрид очоод эмчлүүлэхэд хэр удаан өвдөхгүй байх вэ?

-Австрийн шинжлэх ухаан маш сайн хөгжсөн, пен менежмент маш сайн хийнэ. Пен менежмент гэдэг нь хавдрын бус өвчлөлөөс үүдэлтэй өвдөлтийг дарна гэсэн үг. Зөвхөн шинж тэмдэг эмчилнэ. Маш их зовиур шаналгаатай, эдгэрэхгүй өвчинг манайд хамгийн хүчтэй нь болох морфиноор л дарж байгаа. Харин гадаадад морфиноос 100 дахин хүчтэй, өвдөлтийг илүү сайн дарах эм тариа байдаг. Манайд тэр нь орж ирэхгүй байна.

Тэгтэл Австрид тэр эм тариа нь байдаг. Энд гурван ширхэг морфин ууж байсан бол тэнд тал эм уугаад л дарагдах боломжтой. Эм уугаад өвдөөгүй юм шиг болно л гэсэн үг. Гадаадад очиж хагалгаа хийж бүрэн эдгэнэ гэхгүй. Бусад хандив гуйж байгаа хүмүүсээс арай өөр л дөө миний энэ өвчин. Австрид очих нь миний сүүлийн боломж. Энд хэрэв байх юм бол өвдөлт дээд цэгтээ хүрээд би “Грийн хоум хоспис”-ын хөнгөвчлөх эмчилгээний эмч нарыгаа дуудаж гэрээсээ авахуулаад л тариагаа хийлгээд л явна, өвдөлтийн тоо давтамж нь улам л их болно.

Тэр бол ойлгомжтой, аймшигтай асуудал болно. Хэрэглээ улам нэмэгдэнэ. Австрид очоод өвдөлтөө хяналтад оруулах боломж байна. Магадгүй анагаах ухаан хөгжиж байна. Тэнд нуруу нугасны чиглэлээр сайн эмчилдэг арга тун удахгүй гараад ирэх ч юм билүү. Хэн ч үгүйсгэхгүй. Ямар ч байсан тэнд очоод эмчилгээнд ормоор байна. Эмчилгээнд орж, одоо байгаа байдлаа л илүү дээр болгох гэсэн юм. Магадгүй тэнд еспанил код стимлятор тавиад хяналтад байлгах ч юм билүү. Найдлага байна. Одоо хүмүүсээс тусламж гуйж эмнэлэгт очиж аврагдах тэр замыг л сонгох үлдсэн, хүмүүс минь туслаач л гэж хүсч байна.

Еспанил код стимлятор гэдэг нь нуруунд өвдөлтийг дундаас нь тасалдуулах электрод цахилгаан гүйдэл суулгадаг. Түүнийг Америк, Австралид тавьдаг. Эрсдэл өндөр гэдэг, нуруунд ил нүх гаргадаг. Удирдлага нь гаднаа. Тэрийг тавиулаад ирлээ гэхэд Монголын нөхцөлд цэвэр, аюулгүй арчлаад явахад асуудал үүсч, нугасны менингит тусах аюултай. Тийм учраас би тэрийг хийлгэлээ гэхэд тэр улсдаа л амьдрахаас өөр аргагүй гэхээр асар өндөр өртөгтэй болно.

Тэр төхөөрөмж нь Америкт 50 мянган ам.доллар, БНСУ-д 60 сая вон, хамгийн хямд нь Энэтхэгт 15 мянга гаруй ам.доллар. Гэхдээ дээд тал нь 8 жилийн хугацаатай механик эд. Эвдэрч гэмтэх асуудал гарна. Би тэрийг хийлгэвэл Монголдоо ирэх боломжгүй болно.

Ямар ч өвчний дээр гарахуйц хүнийг тамладаг өвчин

-Өвдөлтийн үеийн мэдрэмжээ үгээр илэрхийлж болох уу?

-Тэр өвдөлт чинь үнэхээр аймшигтай ш дээ. Дэлхийн практик дээр энэ өвчнийг хавдар зэрэг өөр төрлийн өвчин шиг турж эцээд, ил ял шарх гараад цус алдах ч юм уу гаднаас нь хараад мэдэх аргагүй. Гаднаас нь харахад зүгээр л эрүүл хүн шиг. Эмчдээ ч ойлгуулахад маш хэцүү өвчин гэж үздэг.

Тэгсэн хэрнээ энэ өвчин хавдрын өвдөлтийг 4 нугалж, төрөхийн өвдөлтийг 5-6 дахин нугалсан өвдөлтийг хүнд мэдрүүлдэг. Тэгэхдээ би өвдөх үед ямар байдгийг үгээр илэрхийлэх гээд үзье. Хэцүү л дээ. Эрүүл саруул хүнийг цахилгаан сандал дээр аваачиж суулгана. Зөвхөн ташаанаас доош маш хүчтэй цахилгаанд цохиулна. Хашаан дээгүүр явдаг өргөстэй төмөр утсыг үзүүр хүртэл нь арьс мах руу шигдтэл нь орооно. Дараа нь 100-гийн хадаасыг ясанд нь тултал зоогоод аваад, зоогоод аваад байгаа юм шиг л мэдрэмж төрүүлдэг.

Ийм л өвдөлтийг тасралтгүй мэдэрнэ. Энэ өвдөлтийг л дарахын тулд янз бүрийн эм ууж байна. Ер нь их өвдөлтийг удаан мэдрэхэд хүний сэтгэл зүйд маш хортой. Би жишээ нь, өвдөлтийг дөнгөж аваад эхлэхээрээ салгалж, хамаг бие улайгаад эхэлдэг. Англиар Си Ар Пи Эс комлекс режинал пеан синдром гэж нэрлэдэг. Өндөр өвдөлт мэдэрсэн хүмүүст заавал тархинд ирдэг синдром гэж үздэг. Энэ нь өөрөө нугасны гэмтэл учраас тархи мэдрэлтэй зайлшгүй холбоотой.

Тэгээд ууж байгаа эмүүдтэй минь холбоотой. Мэдээж өвдсөн үедээ аль болох ганцаараа байхыг хичээдэг. Эргэн тойрондоо байгаа хүмүүсээ уурлуулчихгүй байхыг чадлаараа хичээнэ, би өөрөө бухимдалтай болно. Ер нь их хэцүү ш дээ.

Энэ өвдөлтийг эмчилдэг АНУ-ын доктор Танат гэдэг хүний судалгаан дээр энэ өвчин бол дэлхийн өвчнүүдийн практик дээр ямар ч өвчний дээр гарахуйц хүнийг тамладаг өвчин гэж бичсэн байна лээ. Орчуулж уншсан. Тэрийг хараад энэ аймшигтай өвчин гээд байхгүйг хичээдэг. Яагаад гэвэл би монгол хүн. Миний сэтгэхүй тал газар шигээ уужуу байдаг учраас аливаа юманд тайван ханддаг.

Монгол хүний зангаар газар нутаг, уул ус шигээ уужуу тайван хандахыг хүсдэг. Тиймээс өөрийн оюун ухаан тэсвэр тэвчээрээр хичээж зүтгэж байна. Гайгүй өвддөг байхад арай дээр байсан. Одоо өвдөлт улам ихсээд морфинтой өндөр тунгаар тариад, маш олон эмнүүд хавсарч байж өвдөлт намдааж байгаа. Ууж байгаа эмнүүдийн маань гаж нөлөө болж, шээх бие засах асуудал миний хяналтнаас гарсан. Заавал памперстай. Өтгөнөө гаргахын тул нилээн юм болно. Улам л хүндэрч, дагаад үүсэх асуудал нь улам л нэмэгддэг.

Найзынхаа бэлэглэсэн 30 сая төгрөгөөр Солонгос яваад ирсэн

-Сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил. Хаана ажиллаж байсан бэ?

-Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн л унаган хүүхэд. 68 дугаар сургуульд сурч байсан. Ажил бол хийж байгаагүй ээ. Ээж аавтайгаа, гэр бүлтэйгээ хамт үлдсэн. Манайхан бүгд тусдаа гараад явсан. Тэгээд 2004 онд авто ослоор эгч маань өнгөрөөд, 2006 онд аав маань зүрхний шигдээсээр бурхан болоод, би 2007 оны сүүлээр өвдчихсөн.

Ээж минь одоо байгаа. Ээж маань их сэтгэлийн тэнхээтэй. Энэ бүх зүйлийг тэсэж гарч байгаа. Би өвдөхөөрөө ээжийгээ хараад л юу юугүй л асгаруулчихдаг. Хэцүү ш дээ. Тэр үед орон гэрээ юу ч үгүй золиослоод ах дүүсээрээ туслаад эмчилгээнд анх явж байсан. Одоо 32-ын тойрог орчимд амьдардаг. Одоо Австри руу явах гэж байна гээд хашаа байшингаа зарья гэж яг үнэндээ зүрхлэхгүй байна.

Дахиж настай ээжийгээ гудамжинд гаргамаагүй байна. Тийм болохоороо л сайхан сэтгэлтэй монголчуудаасаа гуйж байгаа юм. Манайх тийм ч баян цатгалан айл биш. Энгийн л айл. Аав маань цэргийн хүн. Ээж маань цэргийн архивт ажилладаг байсан бүгд л дор бүрнээ бид нар чинь амьдралын сайн сайхан, элэг бүтэн байж, инээд хөөртэй ч, талхтай талхгүй байхыг багаасаа мэдэрч өссөн.

Дунд сургуулиа төгсөөд ээж аавдаа туслах гээд эрт амьдралд эрт орсон. Сургуулиа төгсөөд янз бүрийн л ажил хийж явж байгаад эхнэртэйгээ танилцсан. Танхил өсөөгүй, зоргоороо дэлгүүр хэсдэг ч байгаагүй. Бүгд л амьдралын төлөө хичээж ээж аавдаа яаж туслах вэ, энэ амьдралаа сайн сайхан болгох вэ гэж талийгаач эгчтэйгээ, хоёр ахтайгаа тэмцэж ирсэн. Тэгээд л аав маань тэтгэвэрт гарахдаа улсаас авдаг тэтгэмжээ аваад, тэр мөнгөнөөсөө бидэнд эксел машин авч өгсөн. Тэр экселээр нь би таксинд явдаг байлаа. Эхнэртэйгээ танилцаад удалгүй өвдсөн.

Миний хөлийн хурууны үзүүр, өвдгөөс доош, ташаа орчмоороо мэдээгүй. Мэдээллээ хүмүүст дэлгэхээс би айдаггүй. Яагаад гэвэл миний өнгөрсөн амьдрал муу муухай зүйл юу ч байхгүй. Би чинь ханьтайгаа таараад л амьдрах гэж явтал өвдөөд түүнтэйгээ тэмцэж яваа жирийн л залуу. Миний хувьд нэг минутыг ч өвдөлтгүй сайхан байж, амар тайвныг мэдрэх нь л чухал.

Би өөрийн фейсбүүктээ өөртөө тохиолдсон өвчнийхөө жинхэнэ түүхийг л тавьсан. Яг үнэндээ би хүмүүсээс мөнгө аваад байхыг ч хүсээгүй. Зүгээр л ийм өвчин байдаг. Ийм өвчинтэй энд нэг залуу тэмцэж байна гэдгийг харуулахыг хүссэн. Өдөр шөнө гэлтгүй тэмцэж байна. Яагаад гэвэл залуучууд маань амьдралын жаахан асуудалд шантардаг. Миний бичсэнийг уншаад урам аваасай, битгий гутраасай гэж хүссэн.

Миний уудаг эмнүүд ар араас нь 20, 20 минутын зайтай уухад ходоод халуу оргиод маш их өвддөг. Эм уугаад өвдөлт намдахгүй бол тариулна. Тариа маань морфин. Гэнэт хаана ч явж байхад өвдөж магадгүй учраас аваад явж байдаг. Өвдөлт гайгүй бол найз нөхөдтэйгээ уулзаад хааяа гадуур агаарт гардаг. Тэр үед өвдвөл тарьдаг.

Монголд байгаа өвдөлт намдаадаг бүх эмнүүд миний гарт байна. Ууж байгаа эмнүүдийн гаж нөлөө нь намайг хэвийн унтуулдаггүй. Хавдрын сүүлийн шатанд орсон хүмүүс хэрэглэдэг эмийг ууж унтдаг. Дээр нь жирийн хүн шиг бие засах боломжгүй болсон. Энэ бүхнээ би “аюулгүйн хавтас”-ндаа эм тариа, гэнэт өвдвөл гээд эмийн бичиг баримтын хамт цуг авч явдаг. Өвчний онош, зураг нь байна, нэршил нь байна.

Надтай уулздаг эмч нар маш их өвдөлт мэдэрч байгааг минь ойлгодог. Энгийн хүний өвдөлт, хоргүй хавдрын өвдөлт, хүүхэд төрөх үеийн өвдөлтүүдийн хамгийн дээр нь миний өвдөлт байдаг. Би бас катетар сольсон аргаа фейсбүүктээ оруулсан. Гадаад найзууд маань хараад маш сайн аргаар сольсон байна гэж магтсан.

Хамгийн гол нь бага өвдмөөр байна

-Фейсбүүктээ катетар солих аргыг зааж өгч байгаа харагдсан?

-Анх 2007 онд өвдөөд, 2008 онд хагалгаанд орсны дараа ганцхан удаа катетар тавиулаад л сурчихсан. Эмч нар надаас халгаад байдаг юм. Би өөрийн өвчнийхөө талаар сайн мэдэж байх ёстой гэж бодоод 2012 оноос хойш нуруу нугасны талаар маш их судалсан. Англи хэл хүртэл хувиараа сурч судалж байна. Би компьютерт их дуртай. Өөрөө компьютер босгож байлаа. Нэг нэг ширхгээр нь найз нөхдөөсөө хүнээс эд ангийг нь аваад л босгосон.

Компьютерийн эд анги үнэтэй, мөнгөө цуглуулж байгаад л нийлүүлж угсраад суух нь миний хобби байсан. Эхнэртэйгээ, ээжтэйгээ амьдардаг байлаа. Тэгтэл миний нэг найз ажил үйлс нь сайхан бүтээд нэг өглөө гэртээ байж байтал “За миний хөгшин явж эдгээд ир. Найз нь чамдаа 30 сая төгрөг бэлэглэе” гээд ирсэн. 30 сая төгрөгөө аваад Солонгос явсан.

Очоод Сөүл нейшнл юнивэрсити хоспитал гээд Солонгосын хамгийн сайн эмнэлэгт очсон. Том сургуулийн харьяа эмнэлэгт очиход миний бодож байсан онош таарч, нуруу нугасны хамгийн төгсгөлийн хэсэгт хатингаршдаг, барьцалддаг аймшигтай өвчин мөн байсан. Тэгээд эмч маань яах ч аргагүй манайхаас эмнүүдээ аваад яв. Өвдөлтийг нь хянахаас өөр арга байхгүй.

Манайд өвдөлтийн пен менежментийг сайн хянадаг хүн байгаа. Гэхдээ зөвхөн үзүүлэхэд 5 сая вон болно гэсэн. Тэгээд үлдсэн мөнгөө тэнд зориулаагүй л дээ. Яагаад гэвэл би шинжилгээнд ойролцоогоор 18 сая төгрөг үрсэн. Монголдоо ирэхэд найзын маань өгсөн мөнгөнөөс 10 гаран сая төгрөг үлдсэн байсан.

Тэгээд бодсон “За за нэгэнт эдгэхгүй өвдсөн нь үнэн. Хэцүү ч гэлээ, эхнэр маань эрүүл саруул залуу эмэгтэй, үр хүүхэдтэй ч болж чадахгүй. Амьдрал маань ийм байна. Ядаж жижигхэн ч хамаагүй байшин бариад тусдаа гарья. Хоёулаа орой нэг сайхан хоол хийж идээд, аяга цайгаа уугаад ярьж хөөрөөд жаргалтай байя. Өвдөөгүй цаг хугацааг инээд хөөртэй, амьдралын гэрэл гэгээтэй талыг олж харах боломж олгоё” гэж бодсон.

Тэгээд 10 сая төгрөгөөр том ах маань төмөр рам зангидаж өгөөд гоё байшин барьж өгсөн. 4х6 хэмжээтэй 24 м.кв одоо ч гэсэн тэр байшиндаа амьдарч байна. Ээжийнхээ хажууд байгаа ч ээжтэйгээ хамт байж, өвдөж байгаагаа харуулж зовоогоод байхыг хүсээгүй. Бид нэг хашаанд хамт байгаа. Ингээд байшиндаа орж амьдраад, эхнэр маань ажил хийж цалингийн зээл аваад нэг буйдан авсан, дараа нь телевизор аваад гэх мэтээр болж л байна.

Бид хоёр амьдралын төлөө тэмцэж байгаа. Амьдралаа гоё болгохын төлөө, сайн сайхан болгохын төлөө хичээхдээ үр хүүхэдгүй, өвчин зовлонтой гэж гутраагүй. Сөхрөөгүй тэмцээд л явна. Гоё байшинд сайхан хайраар залуу хүмүүс шиг амьдрая л гэж бодож яваа. Одоо ч гэсэн манайх гэж хөөрхөн жижигхэн үлгэрийн ордон шиг л байшин байгаа. Харсан хүмүүс сэтгүүл дээр гардаг шиг гоё байшин бэ гэдэг.

Ингээд л бид байшиндаа амьдраад сайхан байгаа ч харамсалтай нь өвдөлт маань хяналтаас нэгэнт давсан учраас Хавдар судлалаас, дараа нь “Грийн хоум хоспис”-ын хөнгөвчлөх эмчилгээгээр яваад ч өвдөлтөө хянах хэцүү байна. Ямар ч байсан эмнүүдээ ууж байна. Өвдөлтөө маш сайн хянахыг эрмэлзэж байна. Эхнэртээ би үнэхээр их хайртай. Хамгийн их хайртайгаас гадна би тэр эмэгтэйг хүндэлдэг.

Бүр тийм цаанаасааа бахархдаг. Нэг удаа бүр “Чи яаж хүнийг ингэж хүнийг хайрладаг юм. Яаж хайрладагаа надад хэлээдэх” гээд өвдөж байхдаа уйлж байсан. Яагаад гэвэл тэр хайр нь намайг шарж алж байсан. Би тэр хүний ирээдүйг улаан гараараа, өөрийнхөө хайраараа үгүй хийж байгаа шүү дээ.

Хувь хүн талаасаа та бодоод үз. Надаас 6 дүү эмэгтэй. Эрүүл саруул, нөхөр нь гэж нэг залуу хүнд өвдчихсөн. Хүүхэдтэй болж чадахгүй, амьдрал нь ийм. Тэр хүний дотор ямар байдаг бол. Өглөө ажилдаа яваад өдөржин ажлынхантайгаа ажлаа хийгээд бужигнаад өнгөрөхөд орой гэртээ ирээд надтай байх ямар байдаг бол. Ямар нэгэн байдлаар сэтгэлд нь хэцүү юм байгааг би мэдэж байна.

Тэгэхдээ хайрынхаа хүчээр бид энэ бүхнийг даваад байгаа нь үнэхээр сэтгэлийн харилцааны нарийн асуудал бололтой. Би ханьдаа хайртай, маш их хайртай. Хайртай Укагаа яаж жаргааж болох вэ тэр бүхнээрээ хайрладаг. Хамгийн гол нь бага өвдмөөр байна. Хажууд нь байхдаа бага зовоомоор байна. Нэг л өдөр магадгүй бид зорьсон газраа оччихсон, хайртай хүнийхээ хажууд таягаа тулаад эсвэл тэр тэргэнцэр дээр суугаад өвдөлт бага болчихсон цэцэрлэгт хүрээлэнгээр алхаад аялаад явж байхыг үгүйсгэхгүй.

Магадгүй анагаах ухаан хөгжсөн энэ цагт бид үр шилжүүлэн суугаад үртэй болоод түүнийгээ хөтлөөд явж байхыг үгүйсгэх аргагүй. Би жаахан шинжлэх ухаанч хүн. Бурхан гэхэд хэцүү санагддаг.Хөдөлмөр хүнийг бий болгодог. Хүн амьдралаа сайн сайхан болгохын тулд хүн өөрөө хөдөлмөрлөх ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Миний толгойд, миний мах цусанд ийм зан чанар байдаг. Миний ааваас, ээжээс өвлөж ирсэн.

Хайртай бүхэнтэйгээ энэ орчлон дээр амьдарсаар байхыг хүсэж байна

-Залуучууд шантрамтгай, асуудлаас гарч чадахгүй байна гэсэн дээ?

-Би анх фейсбүүктээ пост оруулж бичихдээ бодсон. Би яагаад ийм өвчнөөр зовж байгаагаа ганцаараа өөртөө хадгалаад явж байх ёстой юм. Ганцаархнаа мэдрээд үхэх гэж байгаа мэт байсан. Би бусдад зарлая. Би амьдралын төлөө ингэж тэмцэж байна. Би өвдөхдөө үхмээр байна гэж хэзээ ч бодож байгаагүй. Харин ч энэ бүхний цаана гарна гэж бодсоор өнөөдрийг хүрсэн. Нэг хүн өглөө бүр хүмүүсийг ажилдаа явахад нь шүдээ зуугаад хөлөөрөө зогсож, шүд нь тачигнаад нулимс нь цийлэгнээд үлддэг. Орой ирэхэд нь хоолоо идээд унтахад нь яг адилхан унтахгүй тачигнасан хэвээрээ л сууж байна.

Жоохон өвдөхгүй байх тэр хэдэн цагийн мөч хором бүрийг аз жаргалыг яаж мэдэрдэг. Амьдрах ямар сайхан. Тэр “Зүүний үзүүр дээр тогтох нэг ширхэг будааны” аз завшаантай хувь тавилангийн төлөө өглөө бүр мандах нарыг харах гэж хүсэж явдагаа бичсэн. Хайртай ээжтэй, хайртай эхнэртэй, хайртай ах нар, дотны анд нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ энэ орчлон дээр амьдарсаар байхыг хүсэж байна.

Тэгэхийн тулд би хэсэгхэн зуур өвдөлт намжих 4-5 цагийг ямар их аз жаргалтай өнгөрүүлдэгийг, ямар их шантрахгүй тэмцдэгийг, бууж өгөхгүй байгаагаа залуучуудад харуулах гэж бичиж эхэлсэн. Тэгтэл манай найз “Миний найз эм тангийн асуудал яваандаа эдийн засгийг чинь улам хүндрүүлнэ. Мэдээлэл доороо дансаа биччихвэл яасан юм бэ” гэж зөвлөсөн.

Би санаа зовоод бичихгүй ээ, 2011 оноос хойш болгоод байгаа. Болно доо гэж бодсон ч яг үнэндээ Укатайгаа халамжийн хэдэн төгрөгөө аваад л бүгдийг нь эм болгож байсан. Дараа нь найзынхаа үгэнд орж, бусдаас жаахан ч гэсэн тус дэм авья даа л гэж бодсон. Тэр зоригтой алхам үнэхээр нэмэртэй байгаа. Маш олон сайхан сэтгэлтэй хүмүүс хандаж байна. Энэ зунаас л данс тавьсан.

Хүмүүс их сайхан, монголчууд маань их сайхан сэтгэлтэй. Намайг үнэхээр чин сэтгэлээсээ хүлээж авсан. Намайг дэмжээд яаж өвдөж байгааг чинь ойлгож байна гэдэг. Би өвдөлтийнхөө талаар их ч дэлгэрүүлж бичсэн. Яагаад гэвэл хүмүүс буруугаар ойлгож магадгүй гэж бодсон юм. Эмээ аваарай гээд мөнгө дансаар явуулахаар нь цуглуулж байгааад эндээс ирж эмээ авдаг.

Эмийн компанийн захирал залуу залгаад надад хэрэгтэй мэдрэлийн гаралтай өвдөлт намдаадаг эм аваарай гэсэн. Залуучуудад хүргэе гэсэн маань биелж, таниас амьдралын тэмүүлэл эрч хүчийг авлаа. Өмнө нь огт энэ талаар бодож байгаагүй баярлалаа гэж байсан. Тэрийг уншаад заорьсондоо хүрсэн юм шиг санагдаад надад их урам өгсөн. Яагаад гэвэл миний зорилго тэр байсан.

Хүмүүс надад урам өгөхөөр хүссэндээ хүрсэн юм шиг санагдаад би ганцаараа өвдөөгүй байхдаа инээгээд л нээх гоё байсан. Өөрт ноогдсон хувь тавьлантайгаа тэмцэж яваа над шиг хүн олон байгаа ч энэ л үед амьдралын утга учир, түүний цаадах баяр хөөрийг мэдрэх мэдрэмж хамгийн агуу юм. Миний энэхүү чин сэтгэлийн үгсийг уншсан танд маш их баярлалаа. Та миний оронд амьдрахгүй ч, миний төлөө гэсэн сэтгэл, надад үзүүлэх урмын үгээр эрч хүч аван цааш амьдрахын төлөө тэмүүлэх болно.

Та намайг дэмжиж туслахыг хүсвэл таны тус бага гэлтгүй миний ачаанаас хөнглөгдөж эмэнд минь зарцуулагдах болно БАЯРЛАЛАА. (ГОЛОМТ БАНК. МӨНХБАЯР 1205108481

ХААН БАНК (5028584624) УРАНЗАЯА (Эхнэр) Та надтай холбогдхыг хүсвэл: 976+98188389

Миний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/munhbayar.bayaraa  цахим хуудсаар холбогдоорой. Баярлалаа.

“Би дуртай

Би нар улам хурц болж урган гарахыг харах дуртай

Би зүлэг ногоо соёолж зун ирж буй дохио, цас ханзрах тэр үзэгдэлд дуртай

Би зуны үдэш амралт зугаалгаар байгалын сайхныг үзэх дуртай

Би жавартай өвөл зул сар, шинэ жил утаатай ч гэсэн Улаанбаатартаа байх дуртай

Би дуртай … бас өвдөхгүй байх дуртай …”

-Өөрийнхөө талаар илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөж, Австри улсад очих хүсэл нь удахгүй биелэнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Zaluu.com

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 Жил

Би байсан бол амиа хорлох бсан. Өөрөө ганцаараа өвдөөгүй ээжмйгээ эхнэрээ давхар өвтгөж байснаас үхсэн нь дээр гэж би шийдэх бсаан.

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close