Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн Дэд сайд М.Баттүвшин болон багийн гишүүд Увс, Баян-Өлгий, Ховд аймагт 2021 оны 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажиллалаа.
Багийн бүрэлдэхүүн Увс аймгийн Өмнөговь, Ховд, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Ховд аймгийн Мөст, Булган, Үенч, Алтай, Манхан, Зэрэг зэрэг 3 аймгийн 10 суманд газар дээр нь биечлэн очиж ажиллахын зэрэгцээ Говь-Алтай, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдах ажилтнуудтай уулзаж, дархлаа сэргээх тунг идэвхжүүлэх талаар зөвлөгөө өглөө.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтыг сайжруулахаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд:
- УОК-ын даргын 2021 оны 65-р тушаалыг хэрэгжүүлэх 5 чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөөг аймаг, орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж, Засаг даргаар батлуулан хэрэгжүүллээ.
- Иргэдэд хүрч үйлчлэх хэлбэрээр ”явуулын баг” ажиллуулахаар шийдвэрлэж 1 аймагт дундажаар 50-70 явуулын баг ажиллаж байна.
- Төрийн болон нутгийн захиргааны байгуулагатай хамтарсан сурталчилгааны багийг томилон ажиллаж байна.
- Хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй хүн амыг вакцинжуулахаар мал тооллогын комисстой хамтарсан баг ажиллаж эхэлсэн.
- Дархлаа сэргээх тунд хамрагдах хүний судалгааг нарийвчлан гаргаж, хяналт тавьж ажиллаж байна.
- Нутгийн ард иргэдэд нөлөө бүхий, олны танил хүнийг уриалга, сурталчилгаанд ашиглаж байна.
- Эрүүл мэндийн байгууллагууд болон багуудын хооронд уралдаан зарлан ажиллаж байна.
Дархлаа сэргээх тунг тарьж эхэлснээс хойш Баян-Өлгий, Ховд, Увс аймагт дархлаажуулалтын хамралт 7 хоногт дундажаар 2-3 хувиар нэмэгдэж байсан байна. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 21 аймаг, Нийслэлийн хэмжээний коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтын хувийг харахад:
- Ховд аймгийн хүн амын коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх тунгийн хамралтын хувь 23.3 хувиар, Увс аймгийн хамралтын хувь 17.9 хувиар, Баян-Өлгий аймгийн хамралтын хувь 18.4 хувиар тус тус нэмэгдээд байна.