Сурагчид ОХУ-д Засгийн газрын тэтгэлэгээр суралцана
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Монгол-оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн санаачилгаар ОХУ-д Засгийн газрын тэтгэлэгээр суралцах сонгон шалгаруулалт зохиогдож, эрхийн бичгийн эздийг тодрууллаа.
Сонгон шалгаруулалтыг Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар, Монгол-Оросын Найрамдлын нийгэмлэг хамтран, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол-Оросын найрамдлын сарын 61 дэх жилийн өдрүүд болон Оросын Шинжлэх Ухаан Соёлын төвийн 45 жилийн ойд зориулан зохион байгуулсан байна.
Хоёр шат бүхий шалгаруулалтад Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулиадын 12-р ангийн 18 сурагч оролцож, шилдэг дөрвөн суралцагчийг 2022-2023 оны хичээлийн жилээс ОХУ-д хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичгээр шагнаж, урамшууллаа. Сонгон шалгаруулалтын тэргүүн байрыг Билигт-Өргөө сургуулийн 12а ангийн сурагч Х.Энгүүн хамгийн өндөр оноогоор эхэлсэн бол Эрдмийн сан сургуулийн сурагч Б.Эрдэнэсувд, Баян-Өндөр цогцолборын сурагч Б.Агиймаа, Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Т.Аянуур нар шилдэг дөрөвт жагсжээ.
Мөн нийслэл хотноо болсон Оросын боловсролын стандартаар сургалтын үйл ажиллагаа явуулж буй Орос болон Орос-Монголын хамтарсан сургуулиудын төгсөх ангийн сурагчдын сонгон шалгаруулалтад тэргүүн байр эзэлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх 19-р сургуулийн сурагч А.Анужин, У.Номин нар Засгийн газрын тэтгэлэгээр суралцах эрхийн бичиг гардан авлаа.
Энэ үеэр “Манай хоёр ард түмний найрамдлын билэгдэл болсон Эрдэнэт хотын хүүхдүүдийн орос хэлний түвшин үнэмлэхүйц өндөр байгааг сайшаамаар байна “гэж ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх, ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүж, Улаанбаатар дахь ОШУСТ-ийн захирал Амгалан Ринчинович Базархандаев онцлон хэлсэн юм.
Түүнчлэн орос хэлний боловсролыг бүс нутагтаа 45 жилийн туршид түгээн дэлгэрүүлж, хадгалан үлдээж буй Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос-Монголын хамтарсан 19 дүгээр сургуулийн удирдлага, Найрамдлын нийгэмлэгийн хамт олны үйл ажиллагааг зохион байгуулагчдын зүгээс өндрөөр үнэллээ.
М.Балжинням