Хүмүүний амьдрал баялаг хийгээд гайхалтай адал явдлаар дүүрэн. Хэнд ч өдөр тутмын завгүй амьдрал, ажлын уур бухимдлаас ангижрахын тулд аз жаргалтайгаар аялах, амрах хэрэгцээ гардаг. Бүх хүн аялах хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангаад байна уу гэвэл үгүй. Зорин очих газрын хүртээмжгүй байдал, дэд бүтэц сул зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй байтугай бэрхшээлгүй нэгнийг аялахад нь саад тотгор учруулдаг. Тэгвэл хүртээмжтэй аялал жуулчлал хийхэд тохиромжтой 15 газрыг Америкийн iAccess Life аппликейшнээс нэрлэсэн байна. Дийлэнх газрууд нь АНУ-д хэдий ч Монголд маань үгүй ядаж нийслэл Улаанбаатар хотын томоохон үйлчилгээний болон соён гэгээрүүлэх газрууд санаа авч хэрэгжүүлээсэй гэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэв.
Morgan’s Wonderland (Сан Антонио, Техас муж)
Техас мужийн Сан Антониод байрлах энэхүү сэдэвчилсэн соёл амралтын хүрээлэн нь Дэлхийн хамгийн анхны хүртээмжтэй соёл амралтын хүрээлэн болсон юм. Бүхэлдээ тусгай хэрэгцээт хүмүүсийг саад бэрхшээлгүйгээр зугаацах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой. “Хэн бүхний тоглож болох газар” уриатайгаар нас болон бэрхшээл харгалзахгүйгээр үйлчлэх боломжтой газар гэвэл өөр хаана ч үгүй. 25 акр газарт тоглоомын талбай, загасчлах, театр, цэцэрлэгт хүрээлэн, жижиг галт тэргээр аялах болон задгай талбайд цайлах зэрэг олон аяллыг хийж болохын зэрэгцээ бүх төрлийн урлагийн тоглолтууд зохион байгуулагддаг.
Disney World (Орландо, Флорида)
Дэлхий дээрх хамгийн аз жаргалтай газруудын нэг болох Диснейд ирсэн зочид сэдэвчилсэн болон усан паркаар зугаалах, гольф тоглохоос гадна дэлгүүр хэсэх, хоолны үйлчилгээ авах боломжтой. Түрээсийн тэргэнцэр болон тусгай автобусаар үйлчилдэг.
Disney Land (Калифорни)
Калифорни мужийн Анахэймд байх энэхүү ресорт нь Диснейланд парк болон Дисней Калифорни Адал явдалт парк гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. 1955 онд нээгдсэн Волт Диснейн анхны соёл амралтын хүрээлэн нь гол найман газар нутагтай. Далайн дээрэмчидтэй аялах, ер бусын ширэнгэн ойг танин мэдэх, үлгэрийн гүнжтэй уулзах, далай доогуур шумбах болон одод руу пуужингаар хөөрөх зэргийг нэг өдрийн дотор хийх боломжтой. Түрээсийн тэргэнцэр болон цахилгаан 3 дугуйт (ECV)-ыг өдрийн 15-60 ам.доллараар түрээслүүлдэг.
Hanauma Bay (Хонолулу, Хавай)
Уг булан нь усанд шумбаж далайн амьдралыг судлахад хамгийн тохиромжтой газар. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэрээр үнэгүй үйлчилдэг. Эндэхийн бүх үйл ажиллагаа нь ямар ч хүн ирсэн хүртээмжтэй байхаар төлөвлөгдсөн. Олон төрлийн багц аялал авах боломжтой ба зарим автобус нь ADA-н өргөх шатаар тоноглогдсон. Мягмар гаригаас бусад өдөр нээлттэй.
The Met Урлагийн музей /Нью-Йорк/
Нью-Йорк хотод байрлах тус музей нь АНУ-ын хамгийн том урлагийн музей юм. Тусгай хэрэгцээт буюу тэргэнцэртэй хүн орж болохуйц хаалгатай. Байр сууц, хөтөлбөр нь бүх үзэгчдэд хүртээмжтэй байхаар зохицуулагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. 1870 онд байгуулагдсан цагаасаа хойш байнга ховор нандин, гоо үзэмжтэй гэдгээсээ илүү байхыг эрмэлзсэн. Музей нь 3 үндсэн хэсэгтэй. Хэсэг тус бүрт зөвхөн тэргэнцэртэй гэлтгүй цахилгаан дугуйт сандлаар явах шаардлагатай бүх төрлийн хүмүүст шат хэрэглэхгүй явах боломжийг бүрдүүлсэн.
The Smithsonian Institution (Вашингтон)
Дэлхийн хамгийн том судалгаа болон музейн цогцолбор юм. Түүхэн болон хүний гараар бүтээгдсэн зүйлсээс гадна уг цогцолбор нь боловсрол болон судалгааны газартай. Нийт 19 музейтэйн дээр үндэсний амьтны хүрээлэн, соёлын төвүүдтэй. Хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүст орох хаалганаасаа эхлээд саадгүй зорчих боломжийг олгосон.
The Capitol Building (Вашингтон)
АНУ-ын бүх л хууль боловсруулагдаж байдаг газрын хувьд нийт ард иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд анхаарал хандуулдаг. Хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүсийг барилга дотор явахад хялбар болгож өгсөн. Конгрессийн номын сан ч энд байгаагийн дээр өдөр бүр 1 цагийн үнэ төлбөргүй аяллыг хүмүүст санал болгодог.
The Louvre (Парис, Франц)
Энэхүү музей нь дэлхийн хамгийн эртний, томдоо тооцогддог мөн хамгийн олон жуулчин хүлээж авдаг газар. Грек, Египет, Лалын болон Ромын эртний эдлэл, үнэт зураг зэргийг сонирхох боломжтой. Эртний хаадын болон сүмийн эдлэл хэрэгсэл нь музейн гол үзмэрт ордог. 1793 онд анх загварчлагдсанаасаа хойшхи цугларсан бүтээл, үзмэрүүдийг дэлгэвэл олон мянган км болно.
2005 онд баталсан Францын тусгай хэрэгцээт байдлын тухай хуулийг үндэслэн музейг аюулгүй, тав тухтай, ирж буй бүх зочдод тааламжтай байхаар төлөвлөсөн. Уг музейд тэргэнцэрийн 20 гаруй цахилгаан шат байхаас гадна мэдрэгчтэй үзмэр, давхар зогсоол эсвэл таксины зогсоолтой ойрхон орц гарц зэргийг шийдэж өгсөн.
Тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй хүмүүс тусгай хөтчөөр дамжуулан тайлбар авдаг бол оюуны бэрхшээлтэй иргэдийг бүлэг болгон хөтөчтэй болон танин мэдэхүйн аяллын үйлчилгээ үзүүлдэг. Сонсголын бэрхшээлтэй иргэд францаар дохионы хэлмэрч авах боломжтой. Гол шаардлага нь 10-аас цөөн хүнтэй байх юм.
Ludington State Park (Мичиган)
Мичиган нуурын эрэг дээр байрлах хамгийн алдартай наран шарлагын газруудын нэг. Тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс, тэдгээрийн ар гэрийнхэн нь эргийн дагуу тэргэнцэрээ түрэх буюу түлхэж явах зориулалтын зам барьсан байна.
Kailua Beach Park (О’аху, Хавай)
Усан аялал жуулчлалын болон гэр бүлийн аяллын гол зорин очих газар. Тэргэнцэртэй болон цахилгаан тэргэнцэртэй иргэдэд ээлтэй ба арлыг дээрээс харах боломжтой ажиглах цэгүүдтэй. Нэг өдрийн өмнө урьдчилж захиалга өгснөөр эдгээр нэмэлт үйлчилгээг авах боломжтой.
Rocky Mountain National Park (Колорадо)
Хойд Колорадод байх энэхүү байгалийн цогцолборт газар (БЦГ) нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан зам, жимтэй байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Ганцаараа явж буй эсэхээс үл хамаарч байрлах цэг, хоол унд хийх газартай. Баавгайн нуурын жим, Цөөвөр чонын хөндийн жим зэрэг нэр бүхий жимийг тусгайлан тоноглосон
Avalon and Stone Harbor (Нью Жерси)
Өмнөх газруудын адил аялагч жуулчдын тав тухтай байрлах орчныг хангаж өгсөн далайн эрэг, усан спорт болон худалдаа наймааны төв газар юм. Тусгай хэрэгцээт иргэн урьдчилж тусгай утас руу залгаснаар үйлчилгээ авах боломжтой6
Lego Land (Дэлхий даяарх)
2-12 насны хүүхэдтэй хүмүүст зориулагдсан энэхүү хөгжилтэй, өнгөлөг, урам зориг өгөхүйц Леголанд нь Малайз, Дани, Герман, Дубай, Япон, Флорида болон Калифорнид байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авахад зориулагдсан. Нэмэлт түрээсийн үйлчилгээг явуулдаг.
Isreal4All (Израйл)
Израйл бол түүх соёл, шашин мөргөлийн баялаг түүхтэй орон. 1998 оноос эхлэн тусгайлан хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг аялал жуулчлалын компани бол Isreal4All юм. Зорилго нь бүх төрлийн бэрхшээлтэй /хөгшин настай, удаан алхдаг, цахилгаан болон энгийн тэргэнцэртэй, сонсголын болон харааны бэрхшээл/ хүмүүст зориулсан тусгай үйлчилгээ үзүүлдэг.
Henry Ford Museum (Мичиган, АНУ)
Хөгжилтэй, мөн боловсрол олгох амралт хүсч байгаа бол уг музейд зочлоорой. Америкийн түүхийг эндээс мэдэж болно гэдгийг дуулгахад таатай байна. Музей мэдээж бүхэлдээ тусгай хэрэгцээтэй хүмүүст ээлтэй. Энэхүү музей нь дотор гэлтгүй гадаа байдаг томоохон музей төдийгүй Жон Ф.Кеннидигийн лимузин, Абрахам Линкольн Ерөнхийлөгчийн сандалаас эхлээд олон тооны сонирхолтой үзмэртэй. 1,7 сая хүн жилдээ үзэж сонирхдог.
Амралт зугаалга гэдэг бол өөртөө өгч буй чөлөөт цаг, хаана ч хэзээ ч ажлын бухимдал, хариуцлага болон амьдралын бусад жижиг саад бэрхшээлээс хол байлгах бие сэтгэлийн амар амгалан юм. Хөгжлийн бэрхшээл нь аялах боломжийг тань хумих биш харин ч хаана ч хэзээ ч аялах боломжийг бүрдүүлж болдог гэдгийг ойлгоход энэхүү мэдээлэл тус болох болов уу. Та бүхэн хүртээмжтэй байдал, тусгай хэрэгцээ гэдэгт зөвхөн ХБИ-дийг ойлгож болохгүй гэдгийг бидний өмнөх нийтлэлүүдээс ойлгосон байх. Хөгшин настай хүмүүс, түр зуурын осол гэмтэлд орсон хүмүүс, алхаж гишгэх нь тааруу бага насны хүүхдүүд, хүүхдийн тэрэгтэй гэр бүл зэрэг бүх хүмүүст хамаатай гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Тэгэхээр хүртээмжтэй байдлыг бид ч бас ирээдүйнхээ төлөө нийгмээс шаардах эрхтэй. Учир нь бид бүгдээрээ өндөр настай болж хөдөлгөөн хязгаарлагдах цаг ирнэ.
Эх сурвалж: ЖИМ АЯЛЛЫН ХӨТӨЧ СЭТГҮҮЛ 2021.12 сар