ЯрилцлагаFocus

Ж.Алтангэрэл: Надад шантрах шалтгаан байхгүй

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.

 “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль”-ийг амжилттай зохион байгууллаа. Сэтгэгдэл ямар байна даа?

-Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн команд штабын сургууль цар тахлын нөхцөл байдалд болж, ихэнх оролцогчид маань цахимаар сургалтад хамрагдсанаараа онцлог байлаа. Мөн “гамшиг, онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, гамшгаас хамгаалах анги мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” гэсэн сэдвийн хүрээнд бодит нөхцөлд тулгуурлаж зохион байгуулсан нь цагаа олсон ач холбогдолтой боллоо. Энэ сургалтад аймаг, орон нутгийн бүх шатны удирдлагууд идэвхтэй оролцож, “дүүрэн хангалттай” дүгнэгдсэн нь бидний хамтын ажиллагаа үр дүнтэй байгаагийн илэрхийлэл гэж бодож байна.

-Ингэхэд та цар тахлын амаргүй нөхцөл байдлын дундуур Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдсон. Аймаг, орон нутгийн удирдлага, ард иргэдтэйгээ ойлголцож ажиллахад хүндрэл бэрхшээл гарах юм уу?

-Цэргийн хүн тушаалаар ажиллах ёстой. Тиймээс би тушаал аваад л энд ирсэн. Харин хонгор нутгийн түмэн, газрын маань хамт олон намайг халуун дулаанаар хүлээж авсанд баярлаж явдаг. Мэдээж дэлхий нийтээр тархаад байгаа аюулт цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах нь нэн тэргүүний ажил байлаа.  Энэ тал дээр аймгийн Онцгой комисс, ард иргэдтэйгээ маш сайн хамтран ажиллаж байгаа. Аймгийн удирдлагууд, төрийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагууд илүү нягт хамтран ажиллахаас гадна багаар ажиллах чадварт илүү суралцаж, багаар ажиллахын давуу талыг жинхэнэ утгаар нь харуулж чадаж байгаа гэж би хувьдаа боддог. Энэ удаагийн команд штабын сургалт ч үүнд томоохон дэмжлэг болох болов уу. Бидний төлөвлөлт сайн байсны зэрэгцээ ард иргэд маань маш сайн хамтран ажиллаж, дэмжиж байгаад баярлалаа гэж хэлмээр байна.

Баянхонгор аймгийн хувьд онцлог нь чухам юу юм бол. Тулгамдсан, хүндрэлтэй асуудлууд хэр байх юм бэ?

-Баянхонгор аймгийг гурван бүсийн нутаг гэж хэлж болно. Хангай, говь, тал хээрийн бүсүүдтэй. Үер ус, цасан болон шороон шуурга гээд байгалийн гэнэтийн аюул тохиолдох эрсдэл өндөртэй. Газар нутаг том болохоор говийн сумдын дунд нэг бүлэг байгуулах шаардлагатай байгаа юм. Аврах нэгжүүд нэмэх нь маш чухал гэж үздэг. Аймгийн төвд л гэхэд гэр хороололд гал унтраах, аврах анги нэмэх шаардлагатай. Онцгой байдлын газрынхаа барилгыг шинэчлэх, онцгой байдлын хотхон байгуулах зэргээр бидэнд бодож төлөвлөсөн, хийж хэрэгжүүлэх олон ажил байна.

Мэдээж аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдож байгаа хүн ийм л зүйлийг хийж хэрэгжүүлнэ дээ гэж бодож төлөвлөсөн байх. Тэдгээр бодож төлөвлөсөн зүйлээсээ энэ хугацаанд хийж хэрэгжүүлж амжив уу?

-Би хамт олон, залуучуудтайгаа хамтран байгууллагынхаа тохижилт, соёлжилт, аж ахуйн ажлаас эхлээд нэлээд зүйлийг хийж хэрэгжүүллээ. Жаргалант сумын Эрэн хайх салбарын барилгын засварыг бүрэн хийж, Бууцагаан сумын спорт заалны засвар, Баянговь, Баянцагаан сумдын авто машины гарааш, Онцгой байдлын газрынхаа гадна талын тохижилт засвар зэрэг ажлуудыг 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн байна. Эдгээрийг хийж гүйцэтгэхэд аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс маш сайн дэмжиж ажилласанд баярласнаа энэ дашрамд илэрхийлье. Миний хувьд төрийн залгамж холбоог бэхжүүлэн, өмнөх дарга удирдлагуудын хийж хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжүүлэхдээ ямар нэг алдаа дутагдал гаргачихгүй юмсан гэсэн хүсэл зорилготой л ажиллаж байна даа. Ер нь газрын дарга байна гэдэг аймаг, орон нутгийнхантайгаа харилцан уялдаа холбоотой хамтарч ажиллаж чаддаг, алба хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн байдлыг сайжруулах, ар гэрт нь анхаарал халамж тавих гээд бүх талыг харж чаддаг сайн менежер байх ёстой гэж боддог. Энэ албан тушаалыг хашихын тулд байнга суралцах ёстой.

Цэргийн хүн тушаалаар гэж та түрүүнд хэлсэн. Онцгой байдлын байгууллагад ажиллаж эхэлснээсээ хойш хэчнээн газар тушаал даган томилогдож байв даа?

-Шат шатны л ажлыг хийж гүйцэтгэж байлаа. Би 1990 он Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн техникумыг усны механикжуулагчаар сурч төгсөөд Тарагт суманд механикчаар анх ажлын гараагаа эхэлж байлаа. Энд хоёр жил ажиллаад цэрэгт татагдаж, Улаанбаатар хотод Дотоодын цэргийн одон тэмдэгт 05 дугаар ангид цэргийн албыг анхны нэг жилийн цэрэг болж хаасан. Цэргээс халагдсаныхаа дараа Цагдаагийн байгууллагад шалгалт өгөхөд 100 гаруй залуучуудаас дөнгөж 10 гаруйхныг нь авахад тэдэн дунд би багтаж, галын байгуулагад гал сөнөөгчөөр ажилд орсон юм. Хоёр жил дадлагажих ажилтан хийгээд, 1996 онд албаны даргын тушаалаар гал сөнөөгч болсон. Ингэж аймгийнхаа гал командад ажиллаж эхэлснээр Онцгой байдлын байгууллагын алба хаагч болох үүд хаалга минь нээгдсэн.

Улмаар Цагдаагийн дээд сургуульд шалгалт өгч тэнцээд, галын техникч мэргэжлээр 2000 онд төгсөөд Өвөрхангай аймгийнхаа гал командад салаан захирагчаар томилогдсон. Зургаан жил ажиллаад гал унтраах ангийн дарга болж тушаал дэвшсэн. 2009 онд ОХУ-ын Гал эсэргүүцэх академид элсэн орж, 2012 онд төгсч ирээд Төв аймгийн Онцгой байдлын газарт гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар томилогдсон. Тэндээсээ 2013 онд Өвөрхангай аймагтаа ирж, Онцгой байдлын газартаа хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн орон тоон дээр ажилласан.

Ингээд удалгүй 2014 онд Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагчаар, дараа нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар томилогдож, 2016 онд буцаж Өвөрхангай аймгийнхаа Онцгой байдлын газарт ирж газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Хархорины хэлтсийн даргаар ажиллаж байгаад Баянхонгорт томилогдоод байгаа нь энэ. Тэгэхээр чамлахааргүй олон газар, олон шатны ажилд томилогдож ажилласан байгаа биз.

-Тийм байна. Энэ хугацаанд сайн муу, сайхан муухай, хөгтэй хөөртэй гээд олон үйл явдал болж өнгөрсөн байх. Он цаг бүрийг нэхэн санана гэдэг амаргүй. Гэхдээ хамгийн гэгээнээр сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-1998 онд юм байна. Тэр үед манай салаан захирагч Дангаа гэж хүн байлаа. Бид шөнө гал түймрийн дуудлага аваад очсон юм. Би гурвын ноймерт гарч байгаад салаа бэлчирийг галын голомт руу биш буруу тийш харуулж тавиад, ууцан дундуураа орос бакалиар өшиглүүлж, салаан захирагчаасаа чанга сануулга авч байлаа. Энэ сануулга надад том сургамж болж, дахин алдаа дутагдал гаргахгүйг хичээх болсон доо. Мөн 2009 оны хавар Өвөрхангай аймагт цасан шуурга болоод 74 хүн ор сураггүй алга болсон. Тэр хүнд үед зургаа хоног нойр, хоолгүй шахам ажиллаж байж 73 хүнийг нь эсэн мэнд олоод маш их баярлаж байлаа. Залуу ч байж дээ.

-Тэгвэл таны амьдралдаа баримталдаг зарчим гэвэл?

-Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж сайхан үг бий. Эхлүүлсэн ажлаа дуусгаж, үр дүнг нь үзэх л сайхан байдаг. Гэр бүл, үр хүүхэд, хамт олон, залуучууддаа хүн чанар, хүнлэг сэтгэлтэй байхыг үлгэрлэж, хүнд бага гэлтгүй тус дэм болж явахыг л хичээдэг.

-Хүний амьдралд эргэлтгүй чиг мөрөө олж авахад олон сонголт хүлээж байдаг гэдэг. Албандаа тууштай ажиллахад чинь нөлөөлөх нөлөөлөл байв уу?

-Хүн бурханы заасан замаар явдаг гэдэг. Галын байгууллагад анх ороод хүний сайн сайхны төлөө авран хамгаалах үйлсэд зүтгэх нь надад сайхан байсан. Тиймээс ч энэ албандаа эргэж буцалтгүй тууштай зүтгэж явна.

Харахад сайхан ч хашихад хүнд алба гэж хэлж болно, Онцгой байдлын албыг. Шантрах үе байсангүй юу?

-Би энэ албанаас хэзээ ч шантарч үзээгүй. Надад шантрах шалтгаан байхгүй гэж боддог.

Хүүхэд нас тань хаана өнгөрөв. Хүүхэд насны дурсамж хамгийн гэгээн байдаг гэдэг дээ?

-Бага нас минь Өвөрхангай аймгийн Уянга суманд өнгөрсөн. Бусдын жишгээр л хүүхэд насаа өнгөрөөсөн. Бидний үеийнхний тоглоом голын усанд сэлэх, шилбүүр унаж давхих, за тэгээд гудамжны сагс, хөлбөмбөг, тэвэг өшиглөх л байлаа шүү дээ. Хамаатныхаа айлд очиж хурдан морь унана, хонь хариулна. Тэр үеийн хөдөөгийн хүүхдүүдийн амьдрал ийм л байсан.

-Хүүхэд насны мөрөөдөл олон өнгөтэй, хувирамтгай байдаг. Тэр дундаа хөвгүүд ихэвчлэн атаман, цагдаа, цэргийн хүн, нисгэгч болно гэсэн мөрөөдөлтэй байх нь бий. Таны хувьд цэргийн хүн болох багын тань мөрөөдөл байв уу, эсвэл…?

 -Багын л цэргийн хүн болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Аавын маань дүү Доржхорлоо ах маань Хархорин сумын хорих ангид хянагч хийдэг байсан юм. Тэгээд манайд ирэхдээ маш гоё хувцас хэрэглэлтэй ирнэ. Цэрэг хувцсыг их сайхан өмсдөг, өндөр нуруутай хүн байсан болохоор их гоё харагдана. Эдэлж хэрэглэж байгаа хувцас, бүс, малгай нь сонирхол татна. Магадгүй цэргийн хүн болохсон гэдэг мөрөөдөл минь энэ ахаас минь эхтэй байх.

-Тийм бол хүний хувь тохиол гэдэг тааварлахын аргагүй бэлэг. Тэр дунд хийж бүтээснээрээ гангарч амьдрах сайхан гэх нь бий. Таны хувьд хамгийн том гангараа чинь юу бол?

-Уужим сайхан монгол орондоо хүн болон төрөөд, алтан соёмбо түшиж цэргийн хүн болсон болохоор эх орон, гэр бүл, хамт олноороо л гангардаг даа.

-Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хамгийн том дэмжигч, найдвартай ар тал бол гэргий нь байдаг. Таны хувьд ч ялгаагүй байх гэж бодно. Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний ханийг П.Хишигбаяр гэдэг. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Түрүүний хэлдгээр би цэргийн хүн учраас долоо дахь аймаг, орон нутагт тушаалаар томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд миний дэргэд байж, мөнхийн зөвлөгч, сайн хамтрагч, сайн туслагч байсан нь миний хань. Ханьдаа хайртай шүү.

-Нууц биш бол гэргийтэйгээ анх хэзээ, яаж танилцаж байв?

-Гэргийгээ анх тролейбусанд харж байлаа. Хамар дээрээ мэнгэтэй хөөрхөн охиныг анх хараад л дурлачихсан гэж хэлж болно. 1998 онд Цагдаагийн дээд сургуульд сурч байсан үе л дээ. Манай сургуулийнхан тэр үед Цэцэрлэгийн багшийн ангийнхантай шифийн холбоо тогтоосноор сургууль дээрээ дахин таараад танилцаж байлаа. Үерхэх гэж хойноос нь нэлээд гүйсэн шүү/инээв/.

-Амралт чөлөөт цагаараа сонирхдог зүйл, хобби бий юу?

-Байгалийн сайхнаар аялах дуртай. Мөн галын автомашины модель цуглуулах хоббитой.

-Мөн таныг галын техни­кийн олон төрөлт спортоор хичээллэж байсан гэж сонссон юм байна. Ямар амжилтууд гаргаж байв?

-Галын техникийн олон төрөлт спортоор нэлээд хичээллэсэн. 1998 онд гурав сунадаг шатны төрөлд спортын мастерын болзол хангасан. Тэсвэр, тэвчээр, байнгын бэлтгэжилт шаарддаг спорт шүү.

Эцэст нь таны бахархал юу бол гэдгийг сонсмоор санагдаад…?

-Би жирийн л ажилчны гэр бүлээс гаралтай хүн. Аав маань артелийн манаач, ээж маань нийтийн аж ахуйн үйлчилгээнд насаараа гуталчин хийсэн. Аав, ээж хоёроороо мөнхөд бахархаж явдаг. Мөн энэ сайхан нэр төртэй албыг хашиж, өдий зэрэгт хүрэхэд дэмжиж, тусалж явсан үе үеийн дарга удирдлагууд байна. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Т.Энхбаатар, Г.Чулуунбаатар, Д.Бэхбаяр, Д.Эрдэнэбат, Т.Мөнхдорж гээд хамтран ажиллаж байсан олон сайхан хүмүүс, хамт олноороо үргэлж бахархаж явдаг.

Ийм сайхан яриа өрнүүлэх боломж олгосон та бүхэнд мөн баярлалаа. Бүгдэд нь ажлын өндөр амжилт хүсье. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close