Уул уурхайЭрүүл мэнд

Д.Эрдэнэбат: 4-р тун бол “Зөв хооллолт-амралт”

Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтэс, Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албанаас ажилтнуудынхаа дархлааг хамгаалах, сэргээх зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” аян өрнүүлээд байна. Өөрөөр хэлбэл дархлаажуулалтын 4-р тун гэдэг нь нийгмийн цехүүдийн онцлог үйл ажиллагаагаар дамжуулан уурхайчдын дархлааг сэргээх нөлөөллийн үйл ажиллагаа юм.

Эхний долоо хоногт Спорт цогцолбор “4-р тун нь дасгал хөдөлгөөн юм”, дараагийн долоо хоногт Соёл, урлагийн цогцолбор “4-р тун нь дуу, бүжиг юм” сэдвийн хүрээнд сонирхолтой олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Харин энэ долоо хоногт “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор ямар үйл ажиллагаагаар уурхайчдынхаа дархлааг дэмжихээр төлөвлөсөн талаар “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Танай цогцолборын хувьд дархлаажуулалтын 4-р тун юу вэ? 

-Эрдэнэт үйлдвэрийнхээ нийт ажилтнуудад шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Хариуцлагын вакцин 4-р тун аянд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор нэгдэж, энэ долоо хоногт “Зөв хооллолт-Амралт” сэдвийн хүрээнд цуврал үйл ажиллагаа зохион байгуулна. Манай цогцолбор халуун хоол, амралт, зочид буудал, хүнсний ногоо тариалалт, хүлэмж гэсэн таван хэсгийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.

Ер нь хүмүүс цар тахлын үед эрүүл мэнддээ их анхаарч, дархлаагаа дэмжих олон хэлбэрийн арга хэрэгжүүлдэг болсон. Тиймээс бид мэдлэгт нь нэмэр тус болох үүднээс зөв хооллолтын талаар нэмэлт мэдээлэл өгч, өөрсдийн туршлагаас хуваалцахыг зорьж байна. Бид долоо хоногийн турш  хэрэгжүүлэх зургаан үе шаттай төлөвлөгөө гаргасан.

-Тухайлбал..? 

-Эхлээд Нийтийн хоолны хэсгээс “Гэр гэртээ ахлах тогооч” нэртэй монгол үндэсний дархлаа дэмжих гурван төрлийн шөлний жорыг танилцуулна. Зөвхөн орц найрлагыг нь танилцуулаад зогсохгүй Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудынхаа халуун хоолны цэсэд оруулж дархлаа дэмжих шөлөөр гурван өдөр үйлчилнэ.

Хоёрдугаарт, өглөөний цай хүнд маш чухал. Тиймээс Эрдэнэт үйлдвэр гэх өрх айлын гишүүд өглөө ямархуу маягаар биеэ бэлдэж, ажилдаа явдаг вэ, гэдгийг олон нийтэд таниулах, сайн туршлагаас нь хуваалцах үйл ажиллагаа зохион байгуулна. Түүнээс гадна бид өөрсдөө халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага учраас хамгийн хялбар аргаар шим тэжээлтэй өглөөний цайг хэрхэн бэлтгэх талаар санаа өгөх цуврал зөвлөгөө хүргэнэ.

Мөн манай цогцолбор төмс, хүнсний ногооноос гадна нарийн ногоо хүлэмжээр тариалж үйл ажиллагаандаа ашигладаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манайх цогцолбор болсноор төмс, хүнсний ногоо дөрвөн га-д тариалж, жил бүр гурван тонн гаруй төмс, хүнсний ногоо хураан, үйлдвэрийн ажилтнуудынхаа халуун хоолонд ашиглаж байна.

Хүлэмжийн аж ахуйгаар тариалдаг салат байцаа, укроп, яншуй зэрэг шим тэжээлтэй нарийн ногоог зөвхөн хоолондоо нэмэлт хачир болгон хэрэглэхээс гадна эрүүл мэндийн ундаа хэлбэрээр хэрхэн зөв хэрэглэх талаар хоол зүйч эмч маань зөвлөгөө өгнө. Мөн эрүүл амралттай холбоотой мэдээлэл бэлтгэсэн. Цар тахлын энэ үед эрүүл агаарт амрах нь илүү ач тустай. Байгаль дээр байгаа олон төрлийн, үнэгүй амин дэмүүдийг хэрхэн авах талаар зөвлөгөө мэдээлэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан өгнө.

Эрдэнэт үйлдвэрийнхээ ээлжийн ажилтнуудад зориулж Эрдэнэт хотыг тойрсон ногоон байгууламж, амрах боломжтой газрын тухай, ажлын бус цагаар өөрийн эрүүл мэнддээ үнэгүй хөрөнгө оруулалт хийх талаар судалгаатай мэдээлэл хүргэж ажиллана. Өөрөөр хэлбэл хүмүүсийн мэдэж байгааг сануулах, уриалах зорилготой үйл ажиллагаа юм.  

-Долоо хоног бүр дархлаажуулалтын 4-р тун аяныг гардан зохион байгуулж буй байгууллага өөрийн онцлогийг харуулсан челленж өрнүүлж байгаа. Танай долоо хоногийн челленж нь юу байх бол..?

-“Өглөөний цайг өөртөө…” уриан дор челленж өрнүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл уул уурхайн үйлдвэрт хүнд хүчир ажил хийдэг хүмүүс өглөөний цайгаа заавал ууж, эрүүл мэндээ өөрсдөө хамгаалж, дэмжихийг уриалж байгаа юм. Манай зочид буудал, нийтийн хоол, амралтын хэсгийнхэн маань өглөө болгон ээлжээр өглөөний цай бэлтгэн ирж цайлдаг. Энэ сайн саналаа түгээх үүднээс хамгийн богино хугацаанд, хамгийн шим тэжээлтэй өглөөний цай бэлтгэх челленж эхлүүлнэ.     

-“Сэлэнгэ” амралтын баазын талаар мэдээлэл өгөөч? 

-Манай амралт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бүтэн жил гаруй хугацаанд ажилласангүй. Сүүлийн үед 50 хувийн дүүргэлттэй, зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад үйлчлэхээр ажлаа зохион байгуулж байна. Ер нь улсын хэмжээнд дэглэм суларч байгаатай холбогдуулан цаашид “Сэлэнгэ” амралтын бааз ямар дэг журам, зохион байгуулалтаар ажиллах талаар тушаал удахгүй гарах байх.

Амралтын бааз үйлдвэрийн ажилтнууддаа байран дээр хөнгөлөлт үзүүлдэг. Хоолны хувьд цэсийн сонголтоор үйлчилдэг. Ор хоногийн дундаж үнэ 65-75 мянган төгрөг байгаа. Мөн олуулаа амрах тохиолдолд өрөөгөөр нь авах боломж бий. 

-Баярлалаа.  

М.Одгэрэл

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close