Уул уурхай

Ц.Батчулуун: Албан хэрэг хөтлөлтөд хариуцлагатай хандаж ажилладаг

Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэргэжлийн өдөрт

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын нарийн бичиг-бичиг хэргийн ажилтан Цэнджавын Батчулуунтай ярилцлаа. Тэрээр улсад нийт 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүний 21 жилд нь архив, албан хэрэг хөтлөлт чиглэлээр мэргэшжээ. 

-Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, журам дүрэм танай байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нэвтэрч байна вэ?

Удахгүй архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын мэргэжлийн өдөр болно. Энэ жилийн хувьд мэргэжлийн өдөр маань онцгой нөхцөл байдалд болох гэж байна. Учир нь архив, албан хэрэг хөтлөлтийн ихэнх бодлогын баримт бичгүүд, хууль, журам, стандарт шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотой Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас шинэчлэгдсэн хууль, журам стандартаа судлах, сурталчлах цуврал арга хэмжээнүүд зохион байгуулахаар нийт бичиг хэргийн ажилтнуудаа баг болгон хувааж, биднийг өөрсдөө сурч, хөгжих боломжийг ханган ажиллуулж байгаад талархаж байгаа.

Манай цогцолборын үйл ажиллагаанд албан хэрэг хөтлөлтийн стандарт, журам бусад байгууллагын жишгээр нэвтэрч байна. Ер нь бол хууль дүрэм, стандарт шинэчлэгдсэнээр тухайн байгууллагын журам, заавар дагаад шинэчлэгддэг жамтай. Шинэчлэгдсэн журам, зааврыг цогцолборын хэмжээнд мөрдүүлэх, энэ чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх зэргээр төлөвлөөд ажиллаж байна.     

-Байгууллага бүхэн өөрийн онцлогтой. Танай байгууллагын хувьд архив болон албан хэрэг хөтлөлт хэрхэн бүрддэг вэ?

Бүтцийн нэгжийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа бид нараас ихээхэн шалтгаалдаг тул энэ чиглэлээр олон бүтээлч ажлуудыг ЗХНБГ-аас үе шаттай  хэрэгжүүлж ирсэн. Эдгээрээс хамгийн чухал нь архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Мэдээллийн нэгдсэн систем боловсруулж, нэвтрүүлсэн явдал юм. Бид урьд нь нэгжийнхээ баримт бичгийг дэвтэр дээр бүртгэж, шилжүүлэх үүрэгтэй мэт ажилладаг байсан бол одоо энэ систем нэвтэрснээр баримт бичгийн шийдвэрлэлтэд нь анхаарах боломжийг олгосон. Мөн маш олон ажлыг хөнгөвчилж, хялбаршуулж өгч байгаа. Нэгж дээрх үйл ажиллагаа тогтвортой, зөв явж байж үйлдвэрийн хэмжээний албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа шаардлагын дагуу явагдана гэж би ойлгодог. 

-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

Нэгжийнхээ архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг алдаа дутагдалгүй, хариуцлагатай зохион байгуулахыг хичээж ажилладаг даа. Хэдийгээр нэг талаас нь харахад архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр байнга үзлэг, шалгалт, хяналт хийж байгаа юм шиг харагдаж байгаа боловч, түүний цаана биднийг ажил үүргээ гүйцэтгэхдээ алдаа дутагдалгүй, хариуцлагатай ажиллуулахын төлөө сургаж, хөгжүүлэх, мэргэжлийн түвшнийг тогтмол ахиулах туйлын зорилго байдаг гэдгийг ойлгон, дэмжиж ажилладгаа мэргэжил нэгт ажилтнуудынхаа өмнөөс хэлмээр байна. 

-Мэргэжлийн өдрөө угтаж ямар ажил төлөвлөж хэрэгжүүлж байна вэ?

Бид жил бүр мэргэжлийн өдрийг тохиолдуулан олон талт арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Тухайлбал, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын мэргэжил, ур чадварын уралдаан, мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтууд явагддаг бөгөөд үүнээс аттестатчиллыг онцолж хэлмээр байна. Бид өөрсдийгөө ямар түвшинд явна, цаашид юунд анхаарч ажиллах хэрэгтэй байгаагаа аттестатчилалын үр дүнгээр олж хардаг. Өнгөрсөн долоо хоногт мэргэжил, ур чадварын 3 дахь удаагийн уралдаандаа онлайнаар оролцлоо. Сэтгэгдэл маш их өндөр байна. Мэргэжлийн уралдааныг цахимаар зохион байгуулж болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Мөн чадамжийн стандарт, ур чадварын матрицыг боловсруулж, өөрийн болон удирдлагын үнэлгээ хийлгэж, нийт бичиг хэргийн ажилтнуудын сургалтын хэрэгцээгээ тодорхойлсон. Миний хувьд мэргэжлийн өдрөө угтан сургалтын хэрэгцээндээ тулгуурласан өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөгөө маш сайн гаргаж, түүнийгээ мөрдөж ажиллана гэж бодож байгаа. Ингээд биднийг өсөж хөгжих, сурч боловсрох бүхий л боломжийг ханган ажилладаг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Албан хэрэг хөтлөлтийн албаныхандаа болон үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт бичиг хэргийн ажилтнууддаа мэргэжлийн өдрийн мэнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.           

М.Балжинням 
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close