ХАА-н салбарFocus

Цагаандэлгэр суманд мал бүртгэлжүүлэлтийн аяныг эхлүүллээ

Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг хийх, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Францын Мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран Өвөрхангай аймгийн 4 суманд хэрэгжүүлж буй “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг сайжруулах туршилтын төсөл”-ийг /2021.11.10/ Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд туршлаа. 

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2021 онд “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг улсын хэмжээнд зарласан.

Аяны хүрээнд 21 аймгийн 183 суманд үржүүлж буй баталгаажсан үүлдэр, омгийн малын 290.2 мянган цөм сүрэг, үржилд ашиглаж буй 213.1 мянган хээлтүүлэгч, хот орчмын бүсийн 110.2 мянган үхрийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэн мэдээллийн нэгдсэн санд оруулах, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилт тавьсан. 


Монгол Улс экспортлогч орон болох зорилтод хүрэх хамгийн эхний алхам бол малаа бүртгэдэг байх юм. Мөн мал сүргийг ээмэгжүүлж, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөц, хангамж, чиг хандлагыг бүртгэлээр дамжуулан тодорхойлох, тэдгээрийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих, малын өвчлөл, гарал үүслийг тогтоох, малын хулгайн гэмт хэргээс сэргийлэх, шилжилт хөдөлгөөнийг хяналтад авах чадамжтай байх чухал гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

Энэхүү аяны тухай ХХААХҮ-ийн дэд сайд  Г.Батсуурь “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх ажил нь төр, хувийн хэвшил, малчид, мал аж ахуй эрхлэгчдийн оролцоотой үр дүнд хүрнэ. Тиймээс бүх шатны мэргэжлийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн уялдааг сайжруулах, нэгдсэн бодлого чиглэлээр хангахад салбарын яам онцгой анхаарч байна” гэдгийг хэллээ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close