ОнцлохЭрүүл мэнд

Эмийн сангуудад эм хангамж, үнийн судалгаа хийж байна

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн алслагдсан хорооны нутагт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад шалгалт хийж буй. Ингэхдээ эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж ямар байгаа болон үнэ ханшийн талаарх судалгааг гаргаж, чанар, аюулгүй байдалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байна.

Шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн алслагдсан хороод, гэр хороололд байрлах эмийн сангуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан юм.  Урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжилтнүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байлаа.

Шалгалт /2021.11.02/ Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны алслагдсан эмийн сангаас эхэлсэн юм. Шалгалтын үеэр эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал “Хоёр асуудлын хүрээнд судалгаа, шалгалт хийж  байна. Нэгдүгээрт, эмийн үнийн асуудал. Эмийн сангуудад зарж байгаа үнэ болон эм ханган нийлүүлэгч байгууллагуудын үнийн судалгааг гаргана. Мөн тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргаж, эмийн нөөц шалгана. Шалгалтад одоогоор 72 эмийн сан хамрагдаад байна. Харин өргөн хэрэглээний эмээс гадна зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмүүд зарим эмийн санд тасалдсан байна” гэдгийг хэлж байлаа.

Хяналт, шалгалтыг НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал ахалж, тус хэлтсийн болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчид аравдугаар сарын 28-наас эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 12-нийг  хүртэл хийж гүйцэтгэх юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close