Аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийн гарцыг хэлэлцэж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгуулж байна.
Форумыг нээж БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэхдээ “Энэ удаагийн форумаар аялал жуулчлалын салбар судлаачид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын салбарт ажиллагсад гээд төр хувийн хэвшлийнхнийг нэг дор цуглуулан, цаашдын хөгжлийн шинэ санаа, шийдэл, санал зөвлөмжийг гаргахаар зорьж байна” хэмээн онцоллоо.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн аялал жуулчлалын салбарыг цар тахлын үед болон цар тахлын дараа хэрхэн сэргээх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, төр, хувийн хэвшлийн манлайлагчдыг нэг зорилго доор нэгтгэж, дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалыг сэргээж буй арга, туршлага, сүүлийн үеийн аргазүйг хуваалцаж, гарц шийдлийг тодорхойлох зорилгоор энэхүү форумыг зохион байгуулж байгаа аж. Тиймээс “Ковидын үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд илтгэл, мэдээллүүд хийгдэж, тухайн асуудлуудыг хэлэлцэж байна.
Төрийн шийдвэр гаргагчид, аялал жуулчлалын салбарын бүх оролцогчид 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа тухай нэгдсэн ойлголт авах, үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагад нийцсэн аялал жуулчлалын салбарыг сэргээх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, гарц шийдлийг тодорхойлох, үр дүнтэй санал зөвлөмж гаргахаар хэлэлцэж байна.