Уул уурхайFocus

Хувь хүний хөгжил, оюунд хөрөнгө оруулж байна

Эрдэнэт үйлдвэр, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд гол үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хувь хүний хөгжил, боловсролд бодитой, өгөөжтэй хөрөнгө оруулалт үзүүлдэг. Сүүлийн 4 жилийн хугацаанд голлох нарийн мэргэжлийн 700 гаруй ажилтнууд өндөр насны тэтгэвэрт гарч, нийт ажилтнуудын 70 гаруй хувийг залуучууд эзлэх болсон.

Иймээс сургалтын хэрэгцээнд түшиглэн ажилтныг сургаж, хөгжүүлэх замаар нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчин, инженер техникийн 100 ажилтан бэлтгэх бодлогыг хэрэгжүүлэн, оюуны хөрөнгө оруулалтын зардлаа хоёр дахин нэмэгдүүллээ. 2019 оноос хойш ажил мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа шилдэг 46 залуу ажилтнуудыг Хүний нөөцийн урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан нэн шаардлагатай мэргэжлүүдээр ОХУ-ын томоохон хотуудын тэргүүлэх сургуулиудтай гэрээ байгуулан суралцуулж, хамтран ажиллаж байна.

ОХУ-ын Уралын Холбооны их сургууль, Москвагийн Эрчим хүчний их сургууль, Москвагийн Геологийн их сургууль, Санкт-Петербургийн Уулын их сургууль зэрэг дөрвөн сургуульд Эрдэнэт үйлдвэрийн зардлаар 2019 онд 22, 2020 онд 22, 2021 онд 4 ажилтан тус тус элсэн металлурги, мехатроник, машин үйлдвэрлэл, телемеханик, электроник инженер  23 төрлийн голлох мэргэжлээр суралцаж буй. Мөн Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд 2 ажилтан магисрын зэрэг хамгаалахаар элсчээ. 

Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас цар тахлын амаргүй цаг үед эдгээр оюутнуудтай уулзалт хийж,  тулгарч буй  хүндрэл бэрхшээл, асуудлуудыг сонсож, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтад ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр, үйлдвэрийн Ерөнхий захирлын гадаад мэргэжилтний асуудал хариуцсан туслах Холоденко Ю.Г. , Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд болон ОХУ-д суралцаж буй ажилтнуудын төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр оюутнууд суралцаж буй сэтгэгдлээ ийнхүү хуваалцав. 

Ж.Дэнсмаа: Төгсөж ирээд, бүх сурсан мэдсэнээ үйлдвэрийнхээ хөгжилд зориулна

Би Чанар хяналтын хэлтсийн Химийн төв лабораторт химийн шинжилгээний лаборантаар 7 дахь жилдээ ажиллаж байна. 2020 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Уулын их сургуульд хими технологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар элсэн 2020-2021 оны хичээлийн жилээ амжилттай суралцаж төгссөн. Ковидын улмаас танхимаар хичээллэх боломжгүй болсон тул онлайнаар суралцаж байгаа. Манай сургуульд нийт 8 оюутан суралцаж байна.

Залуу ажилтнуудаа дэмжиж оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууддаа баярлаж байгаагаа илэрхийлье. Суралцах хугацаандаа ОХУ-ын болон Монголын химийн чиглэлийн туршлага, гарын авлага, судалгааны бүтээлээс давхар судалж байгаа. Төгсөөд, мэргэжлээрээ үйлдвэртээ үр бүтээлтэй ажиллаж өөрийн судалж, суралцсан бүхнээ зориулна гэж бодож байна. 


Д.Амармөрөн: Үйлдвэрийн удирдлага, хамт олныхоо итгэл найдварыг алдахгүй, хичээнгүйлэн суралцаж байгаа

Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-д кипавтоматикийн ахлах мастераар ажилладаг. Энэ жил үйлдвэрийнхээ ЗХНБГ-ын бодлогоор Москвагийн Эрчим хүчний их сургуульд аспирантурт элссэн. “ДЦС, түүний эрчим хүч болон агрегатикууд” гэсэн мэргэжлээр суралцаж байгаа.

Мэдээж, өөрийн ажиллаж буй ДЦС-ынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, судалгаа шинжилгээний ажилд оролцох зорилгоор хоёр шатны шалгалт өгч тэнцэн энэ хөтөлбөрт хамрагдсан. Өмнө нь би бакалаврын зэргээ ОХУ-ын Санкт-Петербургийн Уулын их сургуульд “Технологийн процесс ба үйлдвэрлэлийн автоматжуулалт” мэргэжлээр хамгаалж төгссөн.

Би Эрдэнэт үйлдвэртээ 5 дахь жилдээ ажиллаж байна. Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн автоматжуулалтын гэрээт багшаар ажлынхаа хажуугаар ажилладаг. Ажиллах хугацаандаа ДЦС-ын өргөтгөл дээр Хятадын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласандаа бахархаж явдаг. Одоо станцынхаа ашиглалтыг хариуцдаг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Засвар механикийн заводад хийгдэж байгаа автоматжуулалтын шинэчлэлийн ажил дээр Германчуудтай хамтран ажилласан.

Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас ажилтнуудынхаа мэргэжил боловсролыг дээшлүүлэх, хувь хүний хөгжилд нь дэмжлэг үзүүлж байгаад маш их баярлаж байна. Мөн ДЦС-ын удирдлага, хамт олондоо талархлаа илэрхийлье. Цар тахлын үед хүндрэл бэрхшээл хэдий их байгаа ч өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчлан, хамт олныхоо итгэл найдварыг алдахгүй, хичээнгүйлэн суралцаад ирнэ гэж хэлмээр байна.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close