“Tourism Forum Mongolia 2021” аялал жуулчлалын салбарыг сэргээх талаар ярилцана
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриатай зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Aялал жуулчлалын салбарыг цар тахлын үед болон цар тахлын дараа хэрхэн сэргээх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, төр, хувийн хэвшлийн манлайлагчдыг нэг зорилго доор нэгтгэж, дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалыг сэргээж буй арга, туршлага, сүүлийн үеийн арга зүйг хуваалцаж, гарц шийдлийг тодорхойлоход форумын зорилго оршиж байгаа аж.
Энэхүү форумаар “КОВИД-19-ийн үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд илтгэл, мэдээллүүд хийгдэж, тухайн асуудлуудыг хэлэлцэх юм байна. Форумыг зохион байгуулснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзэж буй.
Төрийн шийдвэр гаргагчид, аялал жуулчлалын салбарын бүх оролцогчид 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа тухай нэгдсэн ойлголт авах,
Үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагад нийцсэн аялал жуулчлалын салбарыг сэргээх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, гарц шийдлийг тодорхойлох юм.
“ITM 2021” үзэсгэлэн “Мишээл Экспо”-д болно
Монголын аялал, Жуулчлалын холбоо Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран “ITM 2021” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг аравдугаар сарын 27, 28, 29-нд “Мишээл Экспо” олон улсын худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь Монголын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн төдийгүй, 21 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж орон нутгийнхаа аялал жуулчлал үйлчилгээний байгууллагууд, шинэ бүтээгдэхүүн, эвент арга хэмжээгээ сурталчлан танилцуулахаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид аяллын маршрут, шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдах боломжоор хангах юм.
Аялал жуулчлалын салбарт тулгарч буй гамшгийн нөхцөл, тодорхойгүй байдлаас үүсэх хүндрэл бэрхшээлүүдийг бодитойгоор үнэлэн, аялал жуулчлалын салбарыг эргэн сэргэхэд хувь нэмрээ оруулах нь үзэсгэлэнгийн гол зорилго юм. Энэ жилийн “АйТиЭм-2021” үзэсгэлэн “Tourism for inclusive growth-Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриан дор зохион байгуулагдана.
Үзэсгэлэн зохион байгуулснаар:
Монголын аялал жуулчлалын салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний сүлжээг бий болгох, 21 аймаг, жижиг дунд үйлдвэрлэгч, хүнс үйлдвэрлэгч, соёл урлаг, гар урлал, цахим, харилцаа холбооны брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах,
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,
Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индексийг тодорхойлох,
Орон нутаг, нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, бизнес эрхлэгчдийн үйлчилгээг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах,
Бусад үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийг холбох, шинэ хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох зорилготой аж.