Уул уурхайЯрилцлагаОнцлох

О.Оюун-Эрдэнэ: Харилцаа хандлага, ёс зүйг эрхэмлэж ажилладаг

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн мэргэжилтэн О.Оюун-Эрдэнэтэй хүний нөөцийн ажилтны баримтлах зарчим,  хүнтэй ажиллах арга барилын талаар ярилцлаа. О.Оюун-Эрдэнэ нь ШУТИС-ийн Компьютер Техник Менежментийн Сургуулийг Хүний нөөцийн менежмент мэргэжлээр суралцан төгсөж, мэргэжлээрээ 6 дахь жилдээ ажиллаж байна.

-Өөрийн тань ажил хүнтэй хамгийн ойр ажилладагаараа онцлогтой. Өдөр тутам уурхайчдын ажил үйлс, ахуй амьдралтай холбоотой ажиллаж байна. Баримталж буй зарчим, арга барилын талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Хүн бүрийн өөрийн гэсэн зарчимтай, ажил явуулах арга барилтай байдаг. Хүний нөөцийн ажил, мэргэжил бол алхам тутамдаа хүнтэй харилцдаг онцлогтой тул хамгийн гол нь харилцаа хандлагыг чухалчилж, ёс зүйг эрхэмлэж ажиллах ёстой гэж боддог. Харин өдөр тутамдаа баримталж хэрэгжүүлдэг арга барилын тухайд гэвэл байнга суралцах, зөвхөн сургалтаас биш алхам тутмаасаа суралцах, бусдын сул талыг биш давуу талыг олж харах, өөртөө байнга дүгнэлт хийж, өөртэйгөө ярилцах зэрэг зарчим барьдаг. Ер нь өөрийгөө сайн таниагүй хүн бусдыг таньж чадахгүй гэж боддог учраас эхлээд өөрийгөө танин мэдэх нь чухал болов уу.

-Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO30400 шинэ стандарт Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байгаа. Энэ стандартын ач холбогдол, үр өгөөжийг юу гэж харж байна вэ?

-Хүний нөөцийн менежментийн багц стандарт нэвтэрсэн 6 дахь орон Монгол улс болж байгаа. Харин Монгол улсдаа уул уурхайн салбартаа тэргүүлэгч болж энэ стандартыг нэвтрүүлснээрээ бид хүний нөөцийн менежментийн  стандартын хувьд дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн, салбартаа бусдыгаа түүчээлэн ажиллах болсондоо маш их баяртай байна. Хүний нөөцийн менежментийн багц стандарт нэвтэрсний гол ач холбогдол нь бусад байгууллагын сайн туршлагыг судалж харьцуулах боломж бүрдэх, ажлын бүтээмж нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах, зардал, эрсдлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой.

-Хүний нөөцийн ажилтны хувьд цаашдын зорилго, өөрийн ажилдаа хэрэгжүүлэх ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Хүний нөөцийн менежментийн шинэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, тасралтгүй сурч хөгжих зорилгыг дэвшүүлээд байна. 

М.Балжинням

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close