Сонгууль 2020Focus

Санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилт явууллаа

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, программ хангамжийг сонгууль бүрийн өмнө урьдчилан туршиж, хэсгийн хорооны байран дээрээс санал тоолох төхөөрөмжийн өгөгдлийг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт нэгэн зэрэг дамжуулан сонгуулийн үйл ажиллагааны бэлэн байдлыг шалган баталгаажуулдаг.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал хураалтад ашиглах санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилтын ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатарын цагаар 12:00 цагт сонгуулийн бүх хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу амжилттай явуулав.

Сонгинохайрхан дүүргийн 59, Хэнтий аймгийн 89 хэсгийн хорооны нийт 212 санал тоолох төхөөрөмжөөс Сонгуулийн Ерөнхий хорооны төв серверт өгөгдөл дамжуулах туршилтын ажиллагаанд сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүнээс гадна сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг байлцууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны байран дээр МҮОНРТ, ТВ-25, С1, Өлзий ТВ, SBN, ETV телевиз, MPA мэдээллийн агентлаг, Gogo.mn, Tovch.mn, Tug.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид ажиллав.

Өгөгдөл дамжуулах туршилтаар санал тоолох төхөөрөмжүүд хэсгийн хороо тус бүрт иж бүрдэл бүрэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад механик гэмтэл авсан эсэхийг шалгахаас гадна төхөөрөмжийн саналын хуудас унших, үр дүнгийн тайлан хэвлэх, өгөгдөл дамжуулах ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг болон үр дүн дамжуулж буй сүлжээний найдвартай байдлыг туршиж байгаа нь мэдээллийн технологийн даамалд санал авах өдрөөс өмнө санал тоолох төхөөрөмжтэй ажиллах дадлага болдгоороо мөн давуу талтай.

Монгол Улс 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиас  эхлэн сонгогчийн санал авах ажиллагааг автоматжуулсан системээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд санал тоолох төхөөрөмжийн дүн, гар аргаар тоолсон дүнгээс зөрсөн тохиолдол байгаагүй юм.

Түүнчлэн санал тоолох төхөөрөмжийн үр дүнг баталгаажуулах зорилгоор санал хураалт дуусмагц хяналтын тооллого буюу гар аргаар тоолох аргыг давхар ашиглаж байна. Энэ удаагийн нөхөн сонгуулиар 100 хувь буюу бүх хэсгийн хороодод саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжийн дүнтэй тулгаж, хяналтын тооллого хийх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close