Кино урлагFocus

“Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт эхэллээ

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт /2021.10.04/ мотор дуугарснаар эхэллээ.

Киноны зохиолыг Хүлэгү пикчерс, Номадиа пикчерсийн уран бүтээлчид хамтран бичиж Цагдаагийн ерөнхий газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан нь энэхүү кино мэргэжлийн өндөр түвшинд, алба хаагчдын бодит амьдралыг тод харуулсан бүтээл болно гэдгийг онцолсон юм.

Энэхүү кино нь 2 бүлэгтэй бөгөөд  бүлэг тус бүр нь 16 ангитай байх юм. Анги бүртээ бодит гэмт хэргээс сэдэвлэн бүтээсэн хэргийг тусгаж байгаагаараа бусад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан киноноос онцлог.

“Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжлэх бөгөөд нэгдүгээр бүлэг нь ирэх оны 01 дүгээр сарын 15-наас үзэгчдийн хүртээл болно.

Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай: “Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт албан ёсоор эхэллээ. Хамгийн эхний зураг авалт Гачууртын нутаг дэвсгэрээс эхэлж байна. Миний хувьд энэ кинонд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Идэрийн дүрд тоглох гээд бэлтгэл ажлаа хангаад одоо зураг авалтаа эхлүүлэх гэж байна. Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс, Боловсрол суваг телевизтэй хамтран 32 ангитай 2 бүлэг киног үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Эхний ээлжид 1-р бүлгийн16 анги гарна.

Киногоороо үзэгчдэд юуг хүргэхийг зорьсон бэ гэвэл киноны ангиудад гарч байгаа гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, цагдаагийн алба хаагчид хэрхэн яаж ажилладаг, гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэгийг зөв талаас нь иргэдэд хүргэхийг зорьж байна. Магадгүй энэ кино гарснаар гэмт хэргийн гаралт буурах байх гэж уран бүтээлч хүний хувьд бодож байна. Миний хувьд цагдаагийн алба хаагчийн дүрд цөөхөн тоглож байсан яг гол дүрд нь тоглож байгаа анхны кино маань энэ юм.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: Орчин цагийн цагдаагийн байгууллага үүссэний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулсан.  Бас нэг томоохон ажил болох цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд уран бүтээлээр дамжуулан хүргэх зорилгоор Хүлэгү пикчерс, Номадиа пикчерстэй хамтран энэхүү олон ангит киног бүтээж байна.

Бидний ойлгуулж чадахгүй байгаа зүйлийг уран сайхны киногоор дамжуулж хүргэхийг зорьсон. Бид хэдий мэдээ мэдээллээ иргэдэд хүргэдэг ч яг нарийн зүйлүүдийг төдийлөн хүргэж чаддаггүй. Гэмт хэргийн цаана юу өрнөдөг, түүнийг илрүүлэх гэж ямар ур чадвар, ухаан зарцуулдаг, ололт амжилт, гуниг, бэрхшээл тэр бүгдийг уран бүтээлээр дамжуулж хүргэх зорилготой төсөл маань нээлтээ хийж байна.

Мөн энэ кинонд зөвхөн нэг гэмт хэргийг бус энэ цаг үед үйлдэгдэж буй бүхий л гэмт хэргийн талаар, түүний хор уршгийн талаар тусгасан. Энэ бүгд дээр цагдаагийн байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч уран сайхны аргаар иргэд олон нийтэд хүргэхийг зорьж байна.

Номадиа пикчерс ХХК-ний гүйцэтгэх продюсер Б.Хүслэн: Бид нар өмнө нь адал явдалт, гэмт хэргийн төрлийн кино цөөн хийж байсан. Тийм ч учраас үзэгчдийн хүссэнээр сонирхож байгаа төрлийнх нь киног хийе гэсэн сэдэл төрөөд Хүлэгү пикчерсийн уран бүтээлчидтэй хамтран цагдаагийн кино хийх болсон.

Манай продакшны хувьд продюсерын тал дээр түлхүү ажиллаж кино багийг хайж олох, зохиол дээр ажиллах зэрэг дээр хамтран ажиллаж байна. Хэдий уран сайхны кино боловч аль болох бодит талаас нь харуулахыг хичээн ажиллаж байна.

Хүлэгү пикчерс ХХК-ний продюсер С.Сумъяа: Хавтаст хэрэг олон ангит кино маань Хүлэгү пикчерсийн 8 дахь олон ангит кино. Өмнө нь бид 2013 онд Мөрдөгч олон ангит киног Хууль зүйн яамны захиалгаар хийж байсан. Энэ жил гэмт хэргийн чиглэлээр хоёр бүлэгтэй кино хийхээр төлөвлөөд зураг авалтаа эхлүүлээд байна. Бидний хувьд мэдээж өмнөхөөсөө сайжруулж, үзэгчдэдээ сайн уран бүтээл хүргэхийг зорьж ажиллаж байна. Бидэнд итгэж хамтран ажиллаж буй Цагдаагийн ерөнхий газар, Номадиа пикчерс болон уран бүтээлчдэдээ баярлаж байгаагаа илэрхийлье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close