WorldFocus

Аксел Рехт: Германчуудын харахыг хүсдэг бүх зүйл Монголд байдаг

ХБНГУ-ын Штуттгарт хотноо сүүлийн 50 жилийн турш зохиогдож буй “Си Эм Ти” аялал жуулчлалын үзэсгэлэн 2022 оны 01 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд болно. Уг үзэсгэлэн нь 1000 гаруй байгууллагыг оролцуулж, 300.000 зочдыг хамруулан, 45 сая орчим хүнд хүрч ажилладаг олон улсын томоохон үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохоор болсон. Энэхүү арга хэмжээний хүрээнд уг олон улсын үзэсгэлэнг зохион байгуулагч “Messe Stuttgart GmbH” /Си Эм Ти үзэсгэлэн зохион байгуулах байгууллага/-тай байгуулсан гэрээний хүрээнд ХБНГУ-ын үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд ажилладаг 6 сэтгүүлч манай улсад айлчиллаа. “Си Эм Ти” үзэсгэлэнгийн 2019 оны түнш орон болох Монтенегро Улсад хэвлэлийн багийн айлчлалыг зохион байгуулснаар хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевиз, радиогийн сувгийн сурталчилгаагаар дамжин 145 сая хүнд хүрсэн талаар Германы талын зохион байгуулагчид мэдээлсэн. Тиймээс Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой хэвлэлийн багийнхны айлчлалыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллагууд зохион байгуулсан юм. Айлчлалын төгсгөлд “СИ ЭМ ТИ” үзэсгэлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Аксел Рехт сэтгэгдлээ ийн хуваалцлаа.

“СИ ЭМ ТИ” үзэсгэлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Аксел Рехт: 50 жил тасралтгүй үргэлжилсэн энэхүү үзэсгэлэн нь зөвхөн аялал жуучлалаар хязгаарлахгүй дотроо олон янзаар төрөлжсөн байдаг. Тухайлбал, гольф, унадаг дугуй, дотроо ортой аялалын машинтай аялах хүмүүст зориулсан мэдээлэл өгнө. Ирэх оноос усанд шумбах аялалын талаарх мэдээлэл орно. Энэ бол дэлхийн хамгийн том Би Тү Си аялал. Монголын  хувьд  Би Тү Би буюу аялалын  компаниуд хоорондоо уулзаж, гэрээ хийдэг. Харин бидний зохион байгуулах үзэсгэлэнд эцсийн зорилтот хэрэглэгч буюу үйлчлүүлэгчид өөрсдөө ирж үздэг. 300 мянга гаруй хүн зорьж очиж үздэг гэдэг утгаараа дэлхийн хамгийн том аялалын үзэсгэлэн юм.

Монгол европ хоёр маш өөр соёлтой. Оюун санааны хувьд, хүмүүсийн хувьд, байгаль орчны хувьд ч огт өөр. Жуулчид ямар нэгэн тоглолт үзээд байхыг нэг их хүсдэггүй. Яг бодит байдалд  нүүдэлчин хүмүүсийн өдөр тутамдаа ямар амьдралтай байдгыг харахыг хүснэ. Надад нүүдэлчин соёл, ахуй, уудам тал нутаг их таалагдсан. Герман Монголоос дөрөв дахин жижиг газар нутагтай тул бүх газар хүн шигүү суурьшсан. Суурин бус газар ч  шигүү хүн байдаг. Харин энд маш тайван.

Чимээгүй, нам гүм, аниргүй тал нутаг их таалагдсан. Би тэрийг л харж мэдрэх гэж зорьж ирсэн. Гадаад, монгол жуулчин бүгд адилхан гэртээ үзэж болохгүй зүйлсээ л үзэхийг хүсдэг. Мэдээж гэртээ үзэж болохгүй зүйл маш олон байгаа. Герман улсын иргэдийн амралт их урт, жилд нэг удаа 6 долоо хоног амардаг. Энэ бол урт хугацаа. Энэ хугацаанд Германчууд аялалд гарч, дэлхийгээр хамгийн их аялдаг улсын тэргүүнд явдаг. Германчууд уламжлалт хоол, соёл, ёс заншил, хүмүүсийн амьдралын онцлог, байгалийн сайхан тогтоцыг харахыг хүсдэг. Монголд энэ бүгд байдаг.

Монголын хувьд очиж үзэхийг маш их хүсэж байсан улсын нилээн дээгүүрт байсан. Тэгтэл 2022 онд миний ажилладаг үзэсгэлэнгийн түнш орноор оролцохоор болсон байна. Миний хувьд хувийн хүслээ ч, мэргэжлийн  хувьд ч тэр хоёр ажлыг амжууллаа. Би хувьдаа амар чимээгүй байдлыг хүсэж байсан. Европ бол маш чимээтэй. Маш олон хүн энэ чимээнээс гарахыг хүсдэг байх. Монголд чимээгүй сайхан орчин байсан нь үнэхээр таалагдсан. Миний төсөөлөл 100 хувь биелсэн гэж болно. Маш зочломтой зан чанар,  хүмүүсийн амар тайван байдал маш их таалагдлаа.

Цар тахал дэлхий даяар аялал жуулчлалын салбарын харилцааг бүхэлд нь зогсоосон гэж болно. Гэхдээ сүүлийн үед вакцин хийлгэж, аялал жуулчлал сэргэж байна. Тиймээс Монголчууд ирэх онд зохиогдох  үзэсгэлэнд зорьж очиж оролцох нь маш чухал. Зүгээр л цаасаар мэдээлэл сурталчилахаас  илүү өөрийн орсы соёл зан заншил, хөгжимчид бүжигчидээ харуулах нь илүү үр дүнтэй сурталчилгаа болно гэж хэлмээр байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close