WorldОнцлох

ХБНГУ-ын сэтгүүлчид Монгол орныг олон улсад сурталчилна

ХБНГУ-ын Штуттгарт хотноо сүүлийн 50 жилийн турш зохиогдож буй “Си Эм Ти” аялал жуулчлалын үзэсгэлэн 2022 оны 01 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд болно. Уг үзэсгэлэн нь 1000 гаруй байгууллагыг оролцуулж, 300.000 зочдыг хамруулж, 45 сая орчим хүнд хүрч ажилладаг олон улсын томоохон үзэсгэлэн юм.

Тус үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохоор болсон ба энэхүү үзэсгэлэн нь КОВИД-19 цар тахлын дараах шинэ хэвийн нөхцөл байдлын анхны аялал жуулчлалын үзэсгэлэн болохын хувьд манай орны аялал жуулчлалын салбарыг сэргээх, олон улсад сурталчлахад олон талт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд уг олон улсын үзэсгэлэнг зохион байгуулагч “Messe Stuttgart GmbH” /Си Эм Ти үзэсгэлэн зохион байгуулах байгууллага/-тай байгуулсан гэрээний 2.1 дэх заалтын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд ХБНГУ-ын үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд ажилладаг 6 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй хэвлэлийн баг манай улсад айлчилж байна.

“Си Эм Ти” үзэсгэлэнгийн 2019 оны түнш орон болох Монтенегро Улсад хэвлэлийн багийн айлчлалыг зохион байгуулснаар хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевиз, радиогийн сувгийн сурталчилгаагаар дамжин 145 сая хүнд хүрсэн талаар Германы талын зохион байгуулагчид мэдээлсэн.

Тиймээс энэхүү хэвлэлийнхний айлчлал нь Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Тус аяллын багийнхан энэ сарын 26-нд “Чингис Хаан” нисэх онгоцны буудалд газардаж, Хархорин, Хонгорын элс, Өгий нуур, Хустайн болон Тэрэлж БЦГ-аар орж, малчин айлаар зочлох зэргээр Монгол оронтой танилцсан.

Уг аяллыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллага хэвлэлийн багийнхны айлчлалыг зохион байгуулжээ.

Айлчлалын багт:

1. Аксел Рехт “СИ ЭМ ТИ” үзэсгэлэнгийн хэвлэлийн төлөөлөгч

2. Петра Кирш-Хейш “Freizeit Woche” долоо хоног тутмын сэтгүүлийн контент редактор

3. Кристиан Ренате Вольхауптер “Schääbische Zeitung” өдөр тутмын сонины аялал жуулчлалын сэдвээр мэргэшсэн сэтгүүлч

4.Стефан Андреас Фридрих “Badisches Tagblatt” өдөр тутмын сонины аялал жуулчлалын сэдвээр мэргэшсэн сэтгүүлч

5. Лидия Мария Пьечулек “Nürnberger Nachrichten” өдөр тутмын сонины аялал жуулчлалын сэдвээр мэргэшсэн сэтгүүлч

6. Клаус Петер Эйхмюллер “Sonntag Aktuell” долоо хоног тутмын сэтгүүлийн аялал жуулчлалын сэдвээр мэргэшсэн сэтгүүлч нар багтаж манай орны байгальтай танилцжээ.

Монгол орноор аялсан ХБНГУ-ын аялал жуулчлалын салбарын сэтгүүлчид Монголын ард түмний найрсаг зан харилцаанд талархаж хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь хэмээн онцолсон юм. Мөн уудам тал хөндий, байгалийн тогтоц, малчин хүний ахуй амьдралыг сонирхон олон улсад таниулахдаа таатай байгаагаа хэлж байлаа.

Хэдий Монгол орны байгаль үзэсгэлэнтэй сайхан ч гадны аялагч жуулчид хөтөч болон жолоочгүйгээр зорьсон газраа очих боломжгүй юм байна гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн нийслэлд замын түгжрэл хугацаа алдвал арга хэмжээ авч болохооргүй таг зогсохоор байна. Герман улс Монголоос 4 дахин бага газар нутагтай ч 83 сая гаруй хүн амьдардаг. Хүн амын төвлөрөл ихтэй ч хэзээ ч автозамын түгжрэлтэй холбоотой асуудал огт гардаггүй. Тиймээс автозамын зөв зохион байгуулалт, хот төлөвлөлтын асуудлыг нухацтай авч үзээсэй. Монгол хоол их таалагдсан ч очсон газар бүртээ нийслэлд ч Англи хэлээр чөлөөтэй ярилцах боломжгүй байсан. Мөн гадны жуулчин бие дааж явах боломжгүй, автозамын тэмдэглэгээ хангалттай биш, хөдөөний замд жолооч нар нь яаж очих газраа мэдээд байна гэмээр санагдсан. Ирэх жил ХБНГУ-д Монгол орны тухай үзэсгэлэн гарахад уудам тал нутгийн хүмүүсийн амьдрал олон орны иргэдэд таалагдана гэдэгт итгэлтэй байгаагаа онцолж байв.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close