Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2021.10.01) 10 цаг 00 минутад гишүүдийн 74.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар цахимаар оролцов.
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд олон улсын ахмадын өдөр тохиож байгаатай холбогдуулан азай буурал ахмадууддаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, энх тунх, урт удаан насалж, насны буянаа эдлэн жаргахын ерөөгөөд намрын чуулганы хэлэлцэх асуудлын нэн тэргүүний зорилтуудаас танилцууллаа.
Юуны өмнө цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь чуулганы эн тэргүүний зорилт болохыг тодотгоод энэ цаг үед хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай болж, дэлхийн нийтийн хандлага ч ийм байгааг дурдлаа.
Халдварт цар тахлын нөлөөллөөс үүдсэн эдийн засгийн хямралт байдал үргэлжилсээр байна. Төсвийн орлого, экспорт, төлбөрийн тэнцлийн талаарх сар бүрийн статистикт сайн мэдээ байгаа ч инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багаслаа. Эдийн засгийн өсөлт удааширч 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад 2021 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10.0 хувь өссөн нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байна. Ийм нөхцөлд Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Төр түвшин, түмэн олондоо түшигтэй, гаргаж буй шийдвэр нь оновчтой, иргэдийнхээ санал бодлыг харгалздаг байхыг л иргэд хүсч байгааг онцлон тэмдэглэв.
Мөн УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болохыг тодотгоод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засгийн сэргэлт бий болсон. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүрээгүй байна. Манай улсын урсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна. Иймээс дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ засал төдий өнгөц өөрчлөлт биш, харин өнгөрсөн он жилүүдийн алдааг засч, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих эдийн засгийн тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсон. Үүний тулд уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцэд шинэчлэл хийх замаар дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулах шаардлагатай байна гэв.
Тэрбээр, засаглалын чадавхийг бэхжүүлж, сайн засаглал төлөвшүүлэх нь намрын чуулганы өөр нэг чухал зорилт гэдгийг онцлоод засаглалаа чадавхижуулаагүй цагт ямар ч сайн бодлого, зорилт үр дүнд хүрэхгүй гэв. Иймээс юуны өмнө авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, төрийн хүнд суртлыг халах зорилтыг хэрэгжүүлнэ. Иргэндээ үйлчилдэг төрийг төлөвшүүлэх, цахим шилжилт хийх, төрийн албыг чадавхижуулах, их өгөгдлийг бодлого, шийдвэр гаргах хэрэгсэл болгож ашиглах, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг дэмжих зэрэг олон зорилго засаглалын шинэчлэлд хамаарна гэж байлаа. Мөн тэрбээр, хуулийн засаглал тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн хатуу шийтгэл оноодог байх, монгол хүний эрхийг зөрчихтэй хатуу тэмцэх бидний зорилгод энэ чуулганаар батлах Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг мэдэгдлээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгалын зорилтоо энэ чуулганаар үргэлжлүүлэх болно гэдгийг онцлохын зэрэгцээ шүүх эрх мэдлийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд, иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсноо тодотгов. Шүүх байгуулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг шинэчлэн найруулж, шинээр Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулиудыг цогцоор нь хэлэлцэж батлахаар төлөвлөж байгаагаа Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ дурдав.
Түүнчлэн тэрбээр, Энэ удаагийн чуулганаар боловсролын шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэх болно. Улс орны хөгжил дэвшил хүнээс хамаарна. Мандан бадрах маргаашийг эрдэм боловсролтой иргэд л бүтээн байгуулна. Тиймээс дэлхийн түвшний боловсролыг хүүхэд, залуустаа эзэмшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж, дэлхийтэй хөл нийлэн алхах шинэ монгол иргэдийг өсгөн хүмүүжүүлэх үзэл баримтлалтай хуулиудыг хэлэлцэхээр зорьж байна. Их цаг хугацаа шаардана. Үүнд Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай, Боловсролын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байна гэж байлаа.
УИХ-ын дарга дээр дурдсан таван асуудал бол харилцан хамааралтай, эх орноо эрчимт хөгжлийн замд гаргах зорилгын хөшүүрэг болох зангилаа асуудлууд гэдгийг тодотгоод хөгжлийн ирээдүйгээ бүтэн зураглаж, мэргэн ард түмнийхээ хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдмэл эрмэлзэлтэй байж, эв саналаа нэгтгэхийг уриалав.
УИХ-ын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөлөө гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.