Монгол Улсын Их Хурал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран гурав дахь удаагийн “Баялаг бүтээгч – өглөөний уулзалт”-ыг “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн дор өнөөдөр (2021.09.15) зохион байгууллаа.
Уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцов.
Цар тахлын үед төр-хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллаж хүнд цаг үеийг хамтдаа даван туулах гарцыг олох, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдэж, хууль, эрх зүйн орчныг таатай болгоход санаа бодлыг нь сонсох, бодлогоор дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрэхэд энэ удаагийн уулзалтын зорилго оршиж байгаа юм.
Улсын Их Хурлаас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Баялаг бүтээгчдээ дэмжих ажилд хамтран оролцож, шүүмжлэгч няцаагч биш, нэг зүгт харж, нэг бодлогоор бизнесийн орчноо хөгжүүлэх цаг болсон. Нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрлэгчид бол жинхэнэ баялаг бүтээгчид гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцоллоо.
Өнгөрсөн 30 жилийн туршлагаа цэгнэж, КОВИД-ийн нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр улс орон, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг гаргахаар Улсын Их Хурал дээр Ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Халамжаас бүтээмж рүү шилжих, ЭРСДЭЛ-ийн сүүдрээс БОЛОМЖ-ийн гэрэл харагдаж буй чухамхүү энэ цаг үеэс энэ шинэчлэлийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй. Үсрэнгүй хөгжлийг хурдацтай бий болгосон Япон, Солонгос, Сингапур зэрэг улс орон, Хонконг, Тайваний хөгжлийн сайн туршлагаас суралцаж, Ази хэв маяг гэж хэлж болох хөгжлийн зөв загварт тулгуурласан сайн засаглал, зөв стратеги, тууштай бодлого, оновчтой төлөвлөлт, төр-хувийн хэвшлийн ойлголцлыг өндөр түвшинд байлгадаг тогтолцоо манай улсад илүү тохиромжтой нь харагдаж байна. Энэ зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах, хөгжлийн төлөөх байнгын ажиллагаатай механизм байгуулах зэрэг санаачилгууд гарч байгааг бүрэн дэмжиж байна.
Улсын Их Хурлын даргын захирамжаар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, эдийн засгийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулаад байна. Худалдаа, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой бүхий л хуулийн төсөлд боловсруулалтын шатнаас нь эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах нь энэ Ажлын хэсгийн зорилт байх болно.
Хурал, уулзалтаар өөр өөр санал гараад, эцсийн дүн тодорхой бус болдог тул хуулийн төсөлд мэргэжлийн холбоод нэгдсэн байдлаар саналаа өгөх хэрэгтэй. Энэ намрын чуулганаас эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлийн хуулийн төсөл дээр хамтран ажилладаг байнгын ажиллагаатай механизмтай болохыг бид зорьж байгаа. Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа бүх хуулийн төслийг lawmaker.paliament.mn lawforum.paliament.mn цахим хуудсанд байршуулсан учраас хэдий ч өөрсдийн саналаа хуулийн төсөлд тусгах боломж нээлттэй бий.
Түүнчлэн Улсын Их Хурал хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Хөрөнгийн удирдлагын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн холбоодын тухай, Зөвшөөрлийн тухай, Худалдааны тухай зэрэг бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15 хуулийн төслийг хэлэлцэхээр ажиллаж байна. Зарим нь өргөн баригдсан, зарим нь боловсруулалтын шатанд байгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ.
Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг 2020 оны 4 дүгээр улиралд эхлүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр ашигласан байна. Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ.
Мөн репо зээлийн хүрээнд 947 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс 895 тэрбум орчим төгрөгийг арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэсэн. Нийт 3738 зээлийн хүсэлт ирснээс 2930-ийг шийдэж, нийт 30283 ажлын байрыг хадгалж чадсан гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцуулав.
Бизнесийн салбарт 1990 оноос хойш тохиолдсон хамгийн том эдийн засгийн хямрал болж, 548 мянган ажлын байр хямралд гүнзгий өртсөн. ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд уналтад орсон талаар судалгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан байдаг. Цар тахлын нөхцөл байдал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ажлын байраа хадгалж үлдэхэд том сорилт болж байгааг баялаг бүтээгчид хэлж байна. Тухайлбал, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан үндэсний аж үйлдвэрийн цогцолборуудыг бий болгож, дотоодын борлуулалт, худалдан авалтыг дэмжих хууль эрх зүйн орчин хэрэгцээтэй байгааг хэллээ. Түүнчлэн “хавтгайрсан” халамжийн бодлогыг өөрчлөхгүй бол ажил хийх хүн олдохгүй болсныг “Чиглэл” компанийн захирал Ц.Бумцэнд хэлж байлаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тодорхой шаардлага хангасан бол төрийн байгууллагууд тендер зарлахгүй шууд худалдан авалт хийх зохицуулалт байдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байгааг “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр хэлээд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүслээ.
Мөн баялаг бүтээгчдийн зүгээс арилжааны банкуудын зээлийн шалгуурыг тодорхой болгох, картын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах боломжийн талаар тодруулсан. Үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгохдоо өнөөдрийн чадамжаар бус ирээдүйд өсөн нэмэгдэх боломжийг нь харгалзан үздэг байхыг арилжааны банкны удирдлагууд хүсэв.
Монголд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц боломж их байна. Бяслаг малчин өрхүүдийн орлогын эх үүсвэрийг бий болгохоос гадна Монгол Улсын экспортыг төрөлжүүлж, нэмэгдүүлэх ач холбогдолтой. Монголын бяслаг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтой ч үүнийгээ хангалттай ашиглаж чадахгүй байна. Үүнд төрөөс дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг “Монголиан Артизан Чийз Мэйкерс Юнион” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Майкл Морров хэллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, Худалдаа үйлчилгээний салбараас аж үйлдвэрийн салбар 10 дахин илүү ажлын байр буй болгодог. Энэ оныг цар тахлаас үүдэн хүндэрсэн бизнес, эдийн засгаа сэргээх чухал үе хэмээн үзэж, төр, засаг-бизнесийнхний итгэл, ойлголцлыг шинэ шатанд гаргаж, байгаа боломжоо ашигласан, халамжаас хөдөлмөрт, олборлохоос бүтээмжид, импортоос экспортод шилжих хэрэгтэй. “Ковид-19” цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил байхын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.
Ингээд уулзалтын төгсгөлд “Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо”-ноос бизнес эрхлэгчдээс гаргасан санал санаачилгыг нэгтгэсэн хүсэлтийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.