Улс төр

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг юнеско-гийн удирдлагуудтай  уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Парис хотноо ЮНЕСКО-гийн дэд захирал Гэтачев Энгида, Дэлхийн өвийн төвийн захирал Мештилд Росслер, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Боловсролын асуудал хариуцсан орлогч Киан Тан нартай тус тус уулзав. Уулзалтад манай талаас УИХ-ын гишүүн Д.Гантулга, Элчин сайд, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайхан нар байлцав.

Дэд сайд Б.Батцэцэг ЮНЕСКО-гийн дэд захирал Гэтачев Энгидатай уулзах үеэр Монгол Улс, ЮНЕСКО-гийн хооронд 5 жил тутмын Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан зүйлсийг ажил хэрэг болгох, тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх, сургалтын илүү боловсронгуй тогтолцоог нэвтрүүлэх, хөдөө орон нутаг, алслагдмал аймгууд, нийгэм болон үндэсний цөөнхөд чиглэсэн боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцав. Мөн 2016 оноос хойш ЮНЕСКО-гоос санаачлан хэрэгжүүлж буй Mobile Learning буюу ухаалаг гар утсаар дамжуулан боловсрол олгох системийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцон ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Боловсролын асуудал хариуцсан орлогч Киан Таныг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг дэд сайд Б.Батцэцэг урив. Түүнчлэн байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, соёл, харилцаа холбоо, мэдээлэл зэрэг ЮНЕСКО-гийн үндсэн салбарууд дахь хамтын ажиллагааны одоогийн өнгө төрх, цаашдын зорилтуудын талаар санал солилцсоноос гадна энэ оны 11 дүгээр сард Парис хотноо болох ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний коммиссын дарга Ц.Мөнх-Оргил оролцохоор төлөвлөж буйг мэдээлэв.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төвийн захирал Мештилд Росслертай уулзах үеэрээ Дэлхийн өвийн хорооны 39, 40 дүгээр чуулганаас баталсан Байгаль нуурыг экологийг хамгаалах асуудлаарх шийдвэрт баригдаж эхлээгүй байгаа Орхон-говь, Шүрэнгийн болон Эгийн голын усан байгууламжийн хуримтлагдсан нөлөөллийн үнэлгээг гаргах тухай зөвлөмж тусгасан нь дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байгааг Дэд сайд тэмдэглээд, 41 дүгээр чуулганы үеэр манай улсын байр суурийг дэмжихийг хүслээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close