Азийн хөгжлийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ
Азийн хөгжлийн банк /ADB/ 2021-2024 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн стратегийг /2021.09.06/ эхлүүллээ.
Энэхүү түншлэлийн стратеги нь коронавируст халдварын /COVID-19/ цар тахлыг даван туулж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоох бат бөх суурийг тавихад Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм. Мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжих Азийн хөгжлийн банкны үйл ажиллагаа хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломж, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжил хэмээх стратегийн гурван тэргүүлэх чиглэлийг баримтлах ажээ.
“Монгол Улсын хамгийн том хөгжлийн түншийн хувьд Азийн хөгжлийн банк нь өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааныхаа бат бөх сууринд түшиглэн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хүчин чармайлтуудыг эрчимжүүлж, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор инновацийг нэвтрүүлэхийн зэрэгцээ коронавирусний цар тахлын эсрэг хариу арга хэмжээгээр дамжуулан эрүүл мэнд ба нийгмийн хамгааллын салбарт урт хугацааны, бодит шинэчлэл хийхэд анхаарна” хэмээн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцлон тэмдэглэжээ.
Түншлэлийн стратегийн эхний тэргүүлэх чиглэл
Коронавирусний цар тахалд өртсөн иргэд, албан байгууллагад хүрэх санхүүгийн үйлчилгээ, ажлын байр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ур чадвар хөгжүүлэх боломжуудыг нэмэгдүүлэх замаар цар тахлыг даван туулахад Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын цаашдын өсөлт хөгжлийг бэхжүүлэх зорилгоор цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын дунд хугацааны шинэчлэлтэй уялдуулахад дэмжлэг үзүүлж, инновацийг нэвтрүүлэн ажиллахаар болжээ.
Түншлэлийн стратегийн хоёр дахь тэргүүлэх чиглэл
Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зам тээвэр, биет харилцаа холбооны салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ хөдөө орон нутагт тогтвортой хөгжлийн боломжуудыг бий болгохоор болжээ. Мөн Азийн хөгжлийн банкнаас эдгээр хөрөнгө оруулалтын төслүүддээ арчилгаа үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгүүдийг оруулах, уур амьсгалд тэсвэртэй шийдлүүдийг нэвтрүүлэх, ногоон хөгжлийг дэмжих хамтарсан санхүүжилтийн механизмуудыг ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн хөрөнгө оруулах боломжуудыг нэмэгдүүлэх замаар шинэчлэлийг түүчээлэн ажиллахаа илэрхийлсэн байна.
Түншлэлийн стратегийн гурав дахь тэргүүлэх чиглэл
Азийн хөгжлийн банкнаас макро эдийн засгийн болон бүх талын тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд анхаарч, нөөцийн тогтвортой хэрэглээ, ногоон хөгжлийг дэмжихээ илэрхийлж, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх, тэр дундаа нүүрсний хэрэглээг аажмаар багасгах, мал аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус улсын хөгжлийн замналыг тодорхойлсоор ирсэн байгалийн нөөцийн хэт хэрэглээнээс татгалзах замаар Монгол Улсын хөгжлийг илүү ногоон болгоход тусламж үзүүлэхээр болжээ.
Шинэ түншлэлийн стратегийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дүнг бууруулахгүйгээр төсөл хөтөлбөрийн тоог цөөлөхөд анхаарна. Үйл ажиллагааны төлөвлөлтөд илүү нарийвчилсан шалгууруудыг нэвтрүүлснээр Засгийн газарт олгох нийт санхүүжилтийн хэмжээг хэвээр хадгалах хэдий ч илүү тогтвортой хөгжлийн нөлөө үзүүлэх боломжтой, цар хүрээ өргөнтэй, хөтөлбөрийн түвшний үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Эн тэргүүнд, Азийн хөгжлийн банк коронавирусний цар тахлын эсрэг ойрын хугацаанд авах хариу арга хэмжээгээ эрчимжүүлж, Засгийн газарт эдийн засгаа тогтвортойгоор сэргээн, нийгмийн хамгийн эмзэг бүлгийн иргэд өсөлт хөгжлөөс орхигдохгүй байхад анхаарахад дэмжлэг үзүүлнэ. Хоёрдугаарт, хөгжлийн бусад түнш байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж, салбар бүрийн үйл ажиллагааны голлох чиглэлээ тодорхойлно. Гуравдугаарт, үйл ажиллагаагаа газар зүйн байршлаар багцлан, эхний ээлжинд Монгол Улсын баруун бүсэд төвлөрөх бөгөөд хөгжлийн үр нөлөөг аль болох өндөр байлгахын тулд хот ба хөдөө орон нутаг дахь төсөл хөтөлбөрүүдийнхээ уялдаа холбоог нэмэгдүүлнэ. Дөрөвдүгээрт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бэлэн байдалд онцгой анхаарна. Эцэст нь Монгол Улсын хөгжлийн замнал дахь хувийн хэвшлийн үүрэг оролцоог бэхжүүлэх үүднээс хувийн хэвшил оролцох боломжтой төслүүдийг эн тэргүүнд тавина.
Энэхүү шинэ түншлэлийн стратеги нь эдийн засгийг сэргээн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар коронавирусний цар тахлыг даван туулж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоох зорилго бүхий “Алсын хараа-2050” болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан болохыг онцоллоо.