У.Хүрэлсүх: Томоор мөрөөдөж, чин сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтад хүрдэг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021-2022 оны хичээлийн шинэ жилд зориулан мэндчилгээ дэвшүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ:
Эрхэм хүүхэд багачууд, сурагч оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье!
Зуны амралт дуусаж 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуульдаа очих гэж хүүхэд бүр яарч, догдолдог. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил шахуу танхимын сургалтаас холдсон болохоор энэ жил Та бүхэн сургууль танхимаа харах гэж, ангийн найз нөхөд, багштайгаа учрах гэж яарч догдолсон нь тодорхой.
КОВИД-19 цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох сургуулийн танхимын сургалтыг зогсоосноос дэлхий даяар боловсролын системд урьд өмнө байгаагүй сорилтууд тулгараад байгаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөг орон даяар жигд, чанартай хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага үүссэн байна.
Бид бэрхшээл дундаас боломжийг олж харж чадах нь чухал юм. Цаашид цар тахлын дараах боловсролын үйл ажиллагааг танхим, зайн сургалтыг хослуулан зохион байгуулж мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололтыг ашиглан боловсролын тэгш боломжийг үүсгэх, сайн багшийн хичээлийг хүүхэд бүр үзэх боломжоор хангахад анхааран зайн сургалтын цогц стратегийг боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ хүүхэд бүр зайн сургалтад хамрагдах боломжийг судалж, шат дараатай хэрэгжүүлэх хэрэгтэй.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залуус аа!
Монголчууд эртнээс “Эрдэм ном дээд баян” хэмээн эрдэм мэдлэг, боловсролыг чухалчлан дээдэлж ирсэн билээ.
Бие, хэл, сэтгэлээс хамгийн эрхэм нь сэтгэл юм. Хүний сэтгэл сурах, мэдэхэд туйлбартай зүглэж чадваас зорьсон эрдэм, үйлс бүтдэг жамтай. Эрдмийг хичээлээр сурдаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ.
Хүн өөрийнхөө тухай эргэцүүлж, хэн болохоо тодорхойлж, хэрхэн зорилгодоо хүрэхээ мэддэг болсноор өөрийн хүсэл сонирхол, зан чанарт нийцсэн мэргэжлээ зөв сонгон, туйлбартай хичээнгүйлэн суралцсанаар мэргэжилдээ эзэн болж, ажилдаа амжилт гаргаж, амьдралдаа аз жаргалыг мэдэрч, насан туршдаа сэтгэл хангалуун амьдардаг жамтай.
Уудам сэтгэж, томоор мөрөөдөж, алсад зорьж, зорилгодоо итгэж, чин сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтад хүрдэг. Залуус Та бүхнийг энэхүү үгийг сайтар тунгаан бодож мөрөөдөлтэй байж, мэргэжилдээ эзэн болохыг хичээнгүйлэн захиж байна.
Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эхчүүд ээ!
Монголчууд багш, эцэг, эх гурвыг гурван ачтан хэмээн үргэлж дээдлэн хүндлэх ёстойг сургаж ирсэн билээ. “Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос” гэсэн зүйр цэцэн үг бий. Боловсролын салбарын чанарын суурь нь сайн багш, сурах эрмэлзэлтэй суралцагч юм. Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаарна.
Багшлахуйгаас суралцахуйд, үйл явцад суурилсан сургалтаас үр дүнд суурилсан сургалтын тогтолцоонд шилжиж байгаа энэ үед эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэн өөрсдийгөө байнга чадавхжуулж, шавь нарынхаа сурах хүсэл эрмэлзлийг бадраагч, суралцах үйл явцад нь туслагч, зөвлөгч нь байж, мэргэжилдээ эзэн болж, мөрөөдлөө биелүүлэн ирээдүйгээ бүтээхэд нь туслаарай.
Монгол хүн болгон төлөвшүүлэхэд бүх шатны албан боловсролоос гадна амьдрах орчинд суралцах нь чухал юм. Үүнд багш, сургалтын байгууллагаас гадна эцэг эхчүүд Та бүхний үүрэг үлэмж их гэдгийг санаарай.
Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд 12 дугаарт, насан хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтаар 11 дүгээр байрт байгаа хэдий ч хүний хөгжлийн индексээр 189 орноос 92, боловсролын индексээрээ 189 орноос 103, өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дүгээрт орж байна.
Монгол Улс, шинжлэх ухаан, технологийн түвшнээ ахиулахад зөвхөн эх орондоо ажиллаж амьдарч байгаа эрдэмтэн, судлаачдаас гадна хилийн чанадад оршин суугаа мэргэжилтнүүдээ зайнаас татан оролцуулж хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх нь зүйтэй.
Монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг дэмжих зорилгоор Монгол Улсын сум, хороо бүрээс шалгарсан шилдэг иргэнд Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох болон Олон улсын олимпиадад амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч миний бие урамшууллын асуудлаар Зарлиг гаргаснаа хичээлийн шинэ жилийн баярт энэ өдөр дуулгаж байна.
Монгол хүний үнэ цэн дэлхийд үнэлэгдэж, Монгол орны хөгжил бадамлан бадрах болтугай!
Багш, оюутан, сурагчид, нийт ард иргэддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье!